Нийслэлийнхний 51.4 хувь нь “Covid-19”-ийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаад байна
Нийслэлд 18-аас дээш насны иргэдийн 93.5 хувь нь “коронавирус”-ийн эсрэг вакцины эхний тунд, 51.4 хувь нь бүрэн тунд хамрагдаад байна.
Лхагва гарагт Улаанбаатар хотод 10 мянга гаруй хүнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. Улсын хэмжээнд зорилтот бүлгийн иргэдийн 70 гаруй хувь нь вакцины эхний тунг хийлгээд байгаа аж.
Вакцинаар тогтож байгаа дархлаа халдварын тархалт буурахад нөлөөлж эхэлсэн гэдгийг Эрүүл мэндийн яам онцоллоо. Сүүлийн байдлаар 477 хүнээс “коронавирус”-ийн халдвар илэрсэн нь сүүлийн нэг сарын хугацаанд хамгийн цөөн тохиолдол бүртгэгдсэнд тооцогдож байна.
Улсын хэмжээнд “Covid-19”-ийн батлагдсан нийт тохиолдол 45 мянга даваад байна. Цөөн хүн амтай Монгол Улсын хувьд 400 мянган хүн “коронавирус”-ийн халдвараар өвчлөх эрсдэл байсаар байгааг мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм. “Covid-19”-ийн халдварын тохиолдол өдөрт 1000 давж бүртгэгдэж байсантай харьцуулахад сүүлийн өдрүүдэд буурч байгаа ч халдварын улмаас биеийн байдал нь хүндэрч нас барах хүний тоо тогтмол бүртгэгдэж байна.
Сүүлийн нэг хоногт “Covid-19”-ийн халдварын нэн хүнд хэлбэрээр 41-90 насны есөн хүн нас барсан байна. Өнөөдрийн байдлаар “коронавирус”-ийн халдварын шууд шалтгааны улмаас 179 хүн нас бараад байгаа юм.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com