Нийслэлд 160 мянга 230 гаруй толгой малыг шинжилгээнд хамруулжээ
Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 1120 гаруй өрхийн 160 мянга 230 гаруй толгой малыг мал эмнэлгийн үзлэг, тандалт шинжилгээнд хамруулсан гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ. Одоогоор нийслэлийн хэмжээнд өвчний сэжиг болон шинж тэмдэг илрээгүй байна. Мөн шүлхий өвчин Улаанбаатар хотод зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлж, авто тээврийн шалган бүртгэх Хэрлэнгийн товчоо, Багахангайн пост, Налайхын дөрөвдүгээр зөрлөг дэх пост, Баянзүрх, Яармаг, Эмээлт, Баруун турууны товчоодод Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид 24 цагаар ажиллан байнгын хяналт тавьж буй аж. Түүнчлэн энэ сарын 19-нөөс эхлэн Нисэхийн товчоог нэмж ажиллуулах бөгөөд Яармаг, Дөрөвдүгээр зөрлөг, Тэрэлжийн уулзвар дээр ажиллаж буй товчоо, постуудад ариутгалын цэгийг нэмж гаргах юм байна. Үүнээс гадна холбогдох газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй худалдааны төвүүдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийн “Шүлхий” өвчинтэй тэмцэх заавар болон урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч буй талаар холбогдох газраас мэдээллээ.
Холбоо барих: Tsatsralt.b@bloombergtvmongolia.com