Мэдээлэл, харилцаа холбооны салбарын орлого өмнөх оны мөн үеэс 15.6 хувиар өсөв
Мэдээлэл, харилцаа холбооны салбарын орлого 2022 онд өмнөх оны мөн үеэс 15.6 хувиар өссөн байна. Хөл хорио, хязгаарлалтуудтай байсан өнгөрсөн онд зайнаас ажиллах шаардлага тулгарсан нь интернэт болон дата хэрэглээ нэмэгдэхэд нөлөөлжээ.
Салбарын нийт орлого 2022 оны эцэст 405.2 тэрбум төгрөг хүрсэн байна. Энэхүү өсөлтөд утасгүй холбооны үйл ажиллагааны орлого 14.1 хувиар, өргөн нэвтрүүлэг бэлтгэх, дамжуулах үйл ажиллагааных 42.1 хувиар, утсан холбооны орлого 9.4 хувиар, мөн цахилгаан холбооны бусад үйл ажиллагааны орлого 19.4 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Монгол Улсад үүрэн холбооны дөрвөн оператор идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. 2021 оны байдлаар үүрэн холбооны идэвхтэй хэрэглэгчдийн тоо 4.6 сая хүрсэн гэж Харилцаа холбооны зохицуулах хороо мэдээлж байсан юм.
Хэрэглэгчдийн тоогоор “Мобиком корпораци” зах зээлд тэргүүлж байгаа бол “GMobile” компани сүүл мушгиж байна.
Үүнээс гадна “Юнител” групп шинэ хэрэглэгч татахаар Монгол Улсад ажиллаж буй гадаадын иргэдэд зориулсан үүрэн холбооны үйлчилгээг санал болгож эхэлжээ.
Цар тахлын хөл хорио, хязгаарлалтууд суларч байгаагаас Монгол Улсад ажиллах гадаадын иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж. Тухайлбал: дөрөвдүгээр сарын байдлаар Монгол Улсад ажиллаж буй гадаадын иргэдийн тоо 5.5 мянга хүрч, өмнөх оны мөн үеэс 23 хувиар өсжээ.
О.Цэнгэг | @TsengegO
Холбоо барих: tsengeg.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com