Мьянмар улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн Монгол Улсад Төрийн айлчлал хийж байна
Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн Монгол Улсад Төрийн айлчлал хийж байна. 1956 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Мьянмарын Төрийн тэргүүний түвшинд хийгдэж байгаа анхны айлчлал болж байгаа юм. Мөн Монгол, Мьянмарын найрсаг харилцааг хөгжүүлэх, дээд, өндөр хэмжээний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой айлчлал болж байгааг талууд онцоллоо. Айлчлалын үеэр Мьянмар улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой албан ёсны хэлэлцээ хийж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт бараалхахаар байгаа юм. Эргэн сануулахад 2012 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлснийхээ дараа Мьянмар улсын Ерөнхийлөгч У Тейн Сейнтэй уулзаж байжээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Мьянмар улсын ардчилсан өөрчлөлтөд тус дэм үзүүлэх зорилгоор АОХН-ийн Ажлын түр хэсэг байгуулах саналыг гаргасан байдаг. Энэ хүрээнд Мьянмар улс Ази дахь ардчиллын үлгэр жишээ, хөтөч болж буй Монгол Улсын туршлагаас цаашид илүү ихийг суралцана гэдгээ илэрхийлж байсан юм.
Б.Батманлай
Холбоо барих: batmanlai.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com