Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний хоёр дахь эх үүсвэртэй болов
Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болох гэж байна. Германы “Ferrostaal” компани Дорноговь аймгийн Сайншанд суманд салхин цахилгаан станц байгуулахаар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаад байгаа юм. Сайншанд салхин парк нь Монгол Улсад хэрэгжиж байгаа хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай хоёр дахь сэргээгдэх эрчим хүчний төсөл болж байна. Өнгөрсөн онд ашиглалтад орсон Салхитын цахилгаан станцын хүчин чадал 50 мегаватт байсантай харьцуулахад Сайншанд салхин парк хоёр мегаваттаар илүү буюу 52 мегаваттын хүчин чадалтай байх ажээ. Гэхдээ байнга нэг хэвийн эх үүсвэртэй байх боломжгүй ч дундаж тооцоогоор жилдээ 190 сая квт цаг цахилгааныг төвийн сүлжээнд нийлүүлэх боломжтой юм байна. Монгол Улсын Засгийн газраас сэргээгдэх эрчим хүчийг илүүтэйгээр дэмжих бодлого баримталж байгаа бөгөөд одоогоор Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний таван хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа юм. Харин Сайншанд салхин парк ашиглалтад орсноор энэ тоо 6-7 хувь болж өснө. Сайншанд салхин паркийн бүтээн байгуулалт 2015 оны хоёрдугаар улирлаас эхэлж, дөрөвдүгээр улирлын эцэс гэхэд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна. Энэхүү төслийн хүрээнд байнгын 20 ажлын байртай байх бол бүтээн байгуулалтын шатанд 100 гаруй хүн ажиллана гэж тооцоолжээ. Монгол Улс жилд 4000 гаруй тераватт цагийн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх нөөцтэй гэж тогтоосон байдаг. Монгол Улсын нутаг дэвсгэрт хийсэн судалгаагаар говийн бүс нутагт салхи ихтэй, ялангуяа Өмнөговь аймаг салхины эрчим хүчний эх үүсвэрээр хамгийн баялаг бол үүний араас Дорноговь аймаг нөөцөөрөө бичигддэг байна. Нөгөө талаас Сайншандад инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн асуудал шийдэгдсэн, төвийн сүлжээнд холбогдсон учраас энэхүү байршлыг сонгожээ.
З.Энхболор
Холбоо барих: enkhbolor.z@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com