Монгол Улсын үнэт цаасны гүйлгээний нийт үнийн дүн 911.2 сая төгрөгт хүрчээ
Үндэсний статистикийн хорооноос зургадугаар сарын үнэт цаасны зах зээлийн гол үзүүлэлтүүдийг нэгтгэн гаргасан байна. Үүнээс харахад, өнгөрсөн сард нийт 17.7 сая ширхэг компанийн хувьцаа арилжигдаж, үнэт цаасны гүйлгээний нийт үнийн дүн 911.2 сая төгрөгт хүрчээ. Зөвхөн энэ хоёр үзүүлэлтийг авч үзвэл хөрөнгийн зах зээлийн идэвхи зургадугаар сард буурсан хандлагатай байгаа аж. Учир нь тавдугаар сард нийт 20.2 сая ширхэг үнэт цаас арилжигдаж, үнийн дүн нэг тэрбум 41 мянган төгрөг болж байжээ. Гэхдээ жил бүрийн энэ үед арилжааны идэвхи улирлын онцлогоос хамаарч буурдаг талаар Монголын хөрөнгийн биржээс тайлбарласан юм. Харин сайжирсан үзүүлэлтийн хувьд, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 1.43 их наяд төгрөгт хүрсэн байна. Өнгөрсөн оны эцсийн дүнгээр Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 1.7 их наяд төгрөгтэй тэнцэж байсан бол 2013 оны эхний таван сарын турш 1.3 их наяд төгрөг болтлоо буурч байжээ. Түүнчлэн “Топ-20” индекс тавдугаар сард 13100-13900-гийн хооронд хэлбэлзэж байсан бол зургадугаар сард 14 мянган нэгж дээр хэлбэлзэж, хамгийн өндөр цэгтээ буюу 14998 нэгжид хүрч, 15000 нэгжийг шүргэжээ. Түүнчлэн хамгийн сүүлчийн хаалтаар тус индекс 14500 нэгжийг давсан байдалтай байгаа нь зургадугаар сарын дундажтай тэнцэх хэмжээний үзүүлэлт юм байна.
Б.Дэлгэрмаа
Холбоо барих: Delgermaa.b@bloombergtvmongolia.com
Tsatsralt.b@bloombergtvmongolia.com