Монгол Улсын эдийн засгийн ерөнхий дүр төрх эерэг дүнтэй гарчээ
“World Economy” байгууллагаас Монгол Улсын зургадугаар сарын Худалдааны менежерийн ерөнхий индексийг шинээр гаргасан байна. Тухайн улсын эдийн засгийн ерөнхий дүр төрхийг илтгэдэг дээрх багц индексийн энэ сарын үзүүлэлт Монгол Улсын хувьд харьцангуй эерэг дүнтэй гарсан гэж хэлж болохоор байгаа аж. Тодруулбал, индексийн багцад багтдаг гол үзүүлэлтүүдийн нэг болох Онцлох индекс 66.3 нэгжтэй гарсан байна. Ийнхүү Монгол Улсын эдийн засгийн өсөлт, эдийн засагт итгэх итгэл болон зах зээлийн тэлэх хүрээг илтгэдэг Онцлох индекс 50 нэгжээс дээш гарсан нь манай улсын эдийн засаг эрчимтэй өсч байгааг харуулж байна. Түүнчлэн Худалдааны менежерийн итгэлийн индекс 76.5 нэгжтэй гарсан нь ирээдүйд бизнесийн орчин улам сайжрах баталгаа болж байна гэж “World Economy” байгууллагаас тайлбарлаж байгаа юм. Үүнээс гадна хөдөлмөрийн зах зээл үзүүлэлтийг тодорхойлдог Ажил олголтын индекс 61.8 нэгжтэй гарсан нь зургадугаар сард ажил олголт нэмэгдсэнээс гадна боловсон хүчний эрэлтийг дагаж цалин өсч байгаагийн илрэл болжээ. Ийнхүү Худалдааны менежерийн ерөнхий индексийн гол үзүүлэлтүүд 50 нэгжээс дээш дүнтэй гарсан нь Монгол Улсын эдийн засгийн ерөнхий төлөв байдал харьцангуй сайн байгааг харуулж байна.
Б.Энхболд
Холбоо барих: Enkhbold.b@bloombergtvmongolia.com
Munkhjin.ts@bloombergtvmongolia.com