Монгол Улсын хэмжээнд 34 уурхайг нээж, эдийн засгийн эргэлтэд оруулаад байна
Монгол Улсын хэмжээнд сүүлийн нэг жил гаруйн хугацаанд 34 уурхайг шинээр нээж илрүүлэн, эдийн засгийн эргэлтэд оруулаад байна. Харин геологийн салбарт энэ онд улсын төсвөөс хийх хөрөнгө оруулалт өнгөрсөн жилээс хоёр дахин нэмэгдэж, 7.3 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Үүнээс 6.7 тэрбум төгрөгийн санхүүжилт нь хийгдэж, региональ судалгааны 47 төслийг санхүүжүүлсэн байна. Харин геологийн хайгуулын ажлын хөрөнгө зарцуулалтын 70 гаруй хувийг эзэлдэг өрөмдлөгийн ажлын хувьд энэ онд гадаадын хөрөнгө оруулалт саарсантай холбоотойгоор жилд өрөмддөг байсан тууш метрийн хэмжээ 3-4 дахин буурсан тухай салбарынхан онцолж байна. Өрмийн компаниуд жилд дунджаар нэг сая тууш метр өрөмдлөг хийдэг байсан тухай Өрмийн холбооныхон мэдээлж байгаа юм. Энэ жил гадаадын хөрөнгө оруулалттай өрмийн гурван компани Монгол Улсын зах зээлийг орхиод байгаа бол уул уурхайн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалттай нэг ч компани энэ оны эхний хагаст шинээр бүртгүүлээгүй байгааг Гадаадын Хөрөнгө оруулалт зохицуулалт бүртгэлийн газраас мэдээллээ. Энэ байдал ирэх онд үргэлжилбэл Монгол Улсын геологийн салбарын хувьд нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгааг өрмийн компаниуд онцолж байна. Гэхдээ 2014 онд улсын төсвийн санхүүжилтээр хийх геологийн судалгааны ажилд 10 тэрбум төгрөгийг төсөвлөөд байгаа гэж Ашигт Малтмалын газраас мэдээллээ.
Э.Нарантунгалаг
Холбоо барих: narantungalag.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com