Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого гурван их наяд 450 тэрбум төгрөгөөс давлаа
Энэ оны эхний найман сарын байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого гурван их наяд 450 тэрбум төгрөг давсан нь өнгөрсөн оны мөн үеэс 10 орчим хувиар өссөн үзүүлэлт болж байна. Гэхдээ орлогын гүйцэтгэл төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй буюу 94 хувьтай байна. Харин нэгдсэн төсвийн зарлага гурван их наяд 581 тэрбум төгрөг болсон нь өнгөрсөн оны мөн үетэй ойролцоо түвшинд гарчээ. Төсвөөс гарсан зарлагын хэмжээ төлөвлөсөнтэй харьцуулахад 22 хувиар дутуу биелсэн байна. Төсвийн хөрөнгө оруулалт өмнөх саруудад 30-40 хувьтай байсан ч наймдугаар сард өмнөх сараас 200 тэрбумаар нэмэгджээ. Гэхдээ төсвийн зарлага орлогоос бага байсан тул тэнцвэржүүлсэн тэнцэл 130 гаруй тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Энэ нь жилийн өмнөхөөс болон өмнөх сараас сайжирсан үзүүлэлт болж байгаа юм. Харин энэ оны эхний найман сарын хугацаанд тогтворжуулалтын санд 33 гаруй тэрбум төгрөгийн орлого орсон нь жилийн өмнөхөөс өссөн дүн болж байна. Энэ оны эцэс гэхэд Монгол Улсын төсвийн орлого бүрдэлт нэг их наяд төгрөгт хүрэх төлөвтэй байгаа учраас Засгийн газар зардлаа 970 тэрбум төгрөгөөр танах бодлого баримтална гэж Сангийн сайд Ч.Улаан мэдээлсэн юм.
З.Энхболор
Холбоо барих: enkhbolor.z@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com