Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт 7.9 их наяд төгрөгт хүрсэн байна
Өнгөрсөн сарын байдлаар Монгол Улсын нийт мөнгөний нийлүүлэлт өмнөх сараас 10.1 хувиар өсч 7.9 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 17.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болсон тухай Монголбанкнаас мэдээллээ. Төв банкнаас гаргасан тавдугаар сарын мөнгөний нийлүүлэлтийн гол үзүүлэлтийн тоймоор хэрэглээний үнийн улсын индекс өнгөрсөн сарын эцсийн байдлаар өмнөх сараас 0.3 хувь, оны эхнээс 5.1 хувиар тус тус өссөн байна. Харин Улаанбаатар хотын тухайд хэрэглээний үнийн индекс өмнөх сараас 0.3 хувиар буурсан ч оны эхнээс 3.9 хувиар нэмэгджээ. Түүнчлэн энэ удаагийн тоймд тэмдэглэснээр суурь инфляци сарын 0.7 хувиар буурч, жилийн 7.6 хувьтай гарсан байна. Үүнээс гадна өнгөрсөн сарын байдлаар 2012 оны турш өссөн төгрөгийн хадгаламжийн жилийн өсөлтийн хурд өмнөх сараас 7.5 нэгж хувиар өссөн ч гадаад валютын хадгаламжийнх эсрэгээрээ 3.9 нэгж хувиар саарчээ. Харин 2012 оны есдүгээр сараас хойш буурч байсан гадаад валютын хадгаламжийн үлдэгдэл тайлант сард өмнөх сараас 15.6 хувь буюу 160.5 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй гарсан байна.
М.Дэлгэрмаа
Холбоо барих: Delgermaa.m@bloombergtvmongolia.com
Munkhjin.ts@bloombergtvmongolia.com