Монгол Улсад БНХАУ-ын 6169 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна
Монгол Улс 1949 онд БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосноос хойш харилцан ашигтай хамтын ажиллагааг хэрэгжүүлэх бодлого баримталж, найрсаг хөршийн харилцааг эрхэмлэж ирсэн юм. Энэ хугацаанд БНХАУ Монгол Улсын хувьд гадаад худалдааны хамгийн том түнш, хамгийн том хөрөнгө оруулагчдын нэг болжээ. Гадаадын хөрөнгө оруулалт зохицуулалт, бүртгэлийн газрын мэдээлж байгаагаар Монгол Улсад хийсэн шууд хөрөнгө оруулалтын хэмжээгээр БНХАУ Нидерландын дараа хоёрдугаарт бичигдэж байна. 1990 оноос 2013 оны долдугаар сар хүртэлх хугацаанд БНХАУ-аас Монгол Улсад нийт 3.74 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийгджээ. Энэ нь Монгол Улсад хийгдсэн гадаадын нийт шууд хөрөнгө оруулалтын 26.7 хувьтай тэнцэж байгаа юм. 2009 он хүртэл урд хөрш Монгол Улсад хийсэн хөрөнгө оруулалтынхаа хэмжээгээр тэргүүлж байсан бол 2010 оноос Нидерланд улс Монгол Улсад эрчимтэй хөрөнгө оруулалт хийж эхэлснээр хоёрдугаарт бичигдэх болсон байна. Мөн 2013 оны эхний хагас жилийн байдлаар, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын шууд хөрөнгө оруулалттай нийт аж ахуйн нэгжийн 50 орчим хувийг БНХАУ-ын шууд хөрөнгө оруулалттай компаниуд дангаараа бүрдүүлж байгаа бөгөөд 6169 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаа тухай Гадаадын хөрөнгө оруулалт зохицуулалт, бүртгэлийн газраас мэдээлж байна. Энэ нь жил бүр дунджаар урд хөршийн хөрөнгө оруулалттай 475 аж ахуйн нэгж Монгол Улсад үүд хаалгаа нээж байна гэсэн үг юм.
Б.Дуламхорлоо
Холбоо барих: dulamkhorloo.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com