“Монголын цахилгаан холбоо” 2012 оноос хойш анх удаа алдагдал хүлээлээ
Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгчдийн нэг мэдээлэл, харилцаа холбоо технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Монголын цахилгаан холбоо” ТӨХК (MCH:MSE) 2-р улиралд 101.8 сая төгрөгийн алдагдал хүлээсэн байна.
Ашигт ажиллагааны түвшинг өмнөх онуудтай харьцуулбал 2012 оноос хойш тасралтгүй ашигтай ажиллаж байсан юм. Тухайлбал өнгөрсөн оны үзүүлэлтээр “Монголын цахилгаан холбоо” 530.6 сая төгрөгийн ашигтай, мөн өнгөрсөн оны жилийн эцэст 522.9 сая төгрөгийн ашигтай ажиллаж байжээ. Компанийн 2-р улирлын тайланг задлаад харвал өмнөх оны мөн үеэс борлуулсан бүтээгдэхүүний өртөг үл ялиг нэмэгдэж борлуулалтын орлого буурсан байгаа нь алдагдалтай ажиллах гол шалтгаан болсон байна.
7-р сарын УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах тухай үндсэн чиглэл батлагдсанаар “Монголын цахилгаан холбоо” ТӨХК-ийн төрийн эзэмшлийн 54.6 хувийг Солонгосын талд худалдахыг санал болгож, татгалзсан тохиолдолд хөрөнгийн зах зээлд нийтэд худалдахаар болоод байгаа.
Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийн мэдээгээр одоогоор нийт хувьцааны 54.6 хувийг засгийн газар эзэмшиж байгаа бол “KT Corporation” (хуучнаар Korea Telecom) (30200:KS) 40 хувийг, үлдсэнийг нь 3,967 жижиг хувьцаа эзэмшигч тус тус эзэмшиж байна. Хувьцааны ханш сүүлийн нэг жилийн хугацаанд 40 гаруй хувиар буурч 1550 төгрөг байснаас 900 орчим төгрөгт хэлбэлзэж байна.
О.Одгэрэл
Холбоо барих: Odgerel.O@bloombergtvmongolia.com