Монголбанк: V сард 6 хувийн хүүтэй ипотекийн зээлд 572 иргэн хамрагдаж, ₮53.1 тэрбумын зээл авсан
Тавдугаар сард жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрт 572 иргэн хамрагдаж, 53.1 тэрбум төгрөгийн зээл авсныг Монголбанк мэдээллээ.
Тайлант хугацааны дүнг оруулан тооцсоноор жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2022 онд нийт 233 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.
Харин арилжааны банкнууд өөрийн эх үүсвэрээс олгосон зээлийн хэмжээ болон хүсэлтийн тоо өмнөх сараас багасаж, 592 иргэний 66.6 тэрбум төгрөгийн зээлийг шийдвэрлэжээ.
Банкнуудын эх үүсвэр болон зургаан хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийн нийт үлдэгдлийг нэгтгэсэн тооцсоноор 5.92 их наяд төгрөг хүрсэн байна.
Мөн тавдугаар сард хугацаа хэтэрсэн болон чанаргүй ангилалд шилжсэн ипотекийн зээлийн үлдэгдэл 144.3 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Монголбанк ипотекийн хөтөлбөрийг 2023 онд багтаан засгийн газарт шилжүүлэн өгөхөөр ажиллаж байгаагаа мэдээлсэн юм.
Энэ хугацаанд нийт хоёр их наяд төгрөгийн хөтөлбөрийн зээл олгох төлөвлөгөөтэй байгаагаас одоогоор 1.2 их наяд төгрөгийн зээл олгожээ.
Цар тахлын тухай хуулийн дагуу хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүйгээр 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн 2022 он дуусталх хугацаанд таван удаа хойшлуулсан юм.
Монголбанкны мэдээллээс харахад сүүлийн буюу тав дахь удаагийн хойшлуулалтаар 63 мянга 171 зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн 195.12 тэрбум төгрөгийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан байна.
З.Энхболор
Холбоо барих: enkhbolor.z@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com