Монголбанк: Инфляцыг өдөөх хүчин зүйлээс үл хамааран бодлогын хүүг өсгөх шаардлага үүссэн
Монголбанк Монгол Улсын 2022 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 2.4 хувьд хэвээр үлдээлээ.
Оны эхний улиралд Монгол Улсын эдийн засаг 3.8 хувиар агшсан юм. Харин инфляц 15 хувьд хүрээд байгаа ч стагфляцын эрсдэл хараахан үүсээгүй гэж Монголбанк үзэж байна.
Эдийн засаг агшихад уул уурхай олборлолтын салбар агшсан нь голлон нөлөөлжээ. Нөгөө талаас хөдөлмөр эрхлэлт өсөж, өрхийн орлого бага зэрэг нэмэгдсэнээр I улиралд өрхийн эцсийн хэрэглээ өсөлттэй гарсан байна. Энэ нь стагфляцаас арай өөр нөхцөл байдлыг харуулж байна гэж Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тайлбарлалаа. Уул уурхай олборлолтын салбарын өсөлтөд нүүрсний экспорт голлон нөлөөлж байгаа аж. Экспортоо нэмэгдүүлж чадвал энэ онд эдийн засаг өсөх боломжтой гэж үзэж байна.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн
Газрын тос, нүүрсний экспортын бууралт нь уул уурхайн салбарын өсөлтийг доош татахаар байгаа ч хөдөө аж ахуй, үйлчилгээ, худалдааны салбарын татвар бүрдэлт өсөхөөр байгаа нь эдийн засгийг тэтгэнэ гэж үзэж байна.
Үүнээс гадна Төв банк мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэгдүүлж, 10 хувь болголоо. Энэ удаагийн шийдвэр өмнөх хурлаар гарсан шийдвэрүүдийн үргэлжлэл гэдгийг Монголбанк тодотгож байна. Олон улсад үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор инфляц илүү удаа хугацаанд өндөр түвшинд байх төлөвтэй байна.
Хэдийгээр инфляцыг өдөөх шалтгаан нь нийлүүлэлт, импортын шинжтэй байгаа ч АНУ-ын Холбооны Нөөцийн банк болон бусад томоохон Төв банкнууд бодлогын хүүгээ нэмснээр инфляцыг өдөөж байгаа хүчин зүйлээс үл хамааран бодлогын хүүг нэмэх шаардлага үүсэж байгааг онцоллоо.
Мөн инфляцын түвшнээс хамааран мөнгөний бодлогын төлөвөө үргэлжлүүлэн чангална гэж мэдэгдсэн юм. Үүнээс дараагийн мөнгөний бодлогын хурлаар бодлогын хүүг нэмэх магадлалтай гэж харж байна.
Хэдий тийм боловч эдийн засаг сэргэж буй энэ үед бодлогын хүүг огцом нэмэгдүүлэхээс зайлсхийж байна.
Монголбанкны Мөнгөний бодлогын газрын дарга Б.Баярдаваа
Эдийн засагч Ч.Отгочулуу
З.Энхболор
Холбоо барих: enkhbolor.z@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com