"МИК" бондын төлбөрөө хийжээ
“Монголын Ипотекийн Корпораци" энэ сарын 22-ны өдөр “МИК Актив-1" тусгай зориулалтын компанийн гаргасан бондын төлбөрөө хийсэн болохоо мэдээллээ. Энэ удаад “МИК Актив-1" Тусгай зориулалтын компанийн гаргасан 20 жилийн хугацаатай 300 гаруй тэрбум төгрөгийн бондын улирлын үндсэн төлбөрт 7.4 тэрбум төгрөг, купоны төлбөрт гурван тэрбум төгрөгийг шилжүүлжээ. “МИК Актив-1" компанийн гаргасан бондыг Монголбанк болон арилжааны банкууд эзэмшиж байгаа юм. “Монголын Ипотекийн Корпораци" 2013 оны 12 дугаар сарын 22-ноос энэ оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх нэг жилийн хугацаанд тусгай зориулалтын гурван компани байгуулж, нийт 878 тэрбум төгрөгийн зээлийг багцлан үнэт цаас гаргаад байна. Өөрөөр хэлбэл жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн нийт үлдэгдэл хоёр их наяд төгрөг давснаас 44 орчим хувийг нь багцлан үнэт цаас гаргажээ. Бондын төлбөрийг улирал тутам төлөх хуваарийн дагуу өнгөрсөн нэг жилд үндсэн төлбөрт 38.2 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 17.8 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулагчдад эргэн төлжээ. Мөн дөрөв дэх ээлжийн бонд гаргах хүсэлтээ Санхүүгийн Зохицуулах Хороонд хүргүүлээд байгаа ба ирэх улиралд багтаах боломжтой гэж үзэж байна. Ингэснээр жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрийн санхүүжилт тасралтгүй хэвээр үргэлжлэх боломж бүрдэх юм. Түүнчлэн ирэх онд “Монголын Ипотекийн Корпораци" бондын зээлжих зэрэглэлийг дотооддоо тогтоолгохоор судалж байгаа ажээ. Үүний дараа дотоодын бусад хөрөнгө оруулагч болон брокер дилерийн компаниуд ипотекээр баталгаажсан үнэт цаас худалдан авах боломж бүрдэнэ гэж “Монголын Ипотекийн Корпораци"-ийн Гүйцэтгэх захирал Д.Гантөгс мэдээллээ.
З.Энхболор
Холбоо барих: enkhbolor.z@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com