Метро барих төслийг Төрийн гурван өндөрлөгт өргөн барьжээ
Японы “Жайка” байгууллагаас гаргасан “Улаанбаатар метро
төсөл”-ийн судалгааны эцсийн тайланг Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Төрийн
гурван өндөрлөгт өргөн барьсан байна. Төсөлд тусгаснаар шинээр баригдах
метро нь Улаанбаатар хотын замын хөдөлгөөний гол ачааллыг үүрдэг Энхтайваны
өргөн чөлөөний дагуу 17.7 км урттай, 14 өртөөтэй байх аж. Нийтдээ 1.5 тэрбум
ам.долларын өртөгөөр босох метрог байгуулахдаа зүүн дөрвөн замаас баруун дөрвөн
зам хүртэлх хэсэг нь газар доор харин бусад хэсэг нь гүүрэн хэлбэртэй байхаар
төлөвлөсөн байна. Ийнхүү Улаанбаатар хот Метротой болсноор үүсэх бодит болон
бодит бус үр дагавар нь хөрөнгө оруулалтын зардлаас хэд дахин илүү байна гэж
судалгааны баг тайландаа онцолжээ. Мөн төслийн ажлыг гүйцэтгэхдээ дотоод
гадаадын хувийн хэвшлийн туршлагыг ашиглан, хөрөнгө оруулалтыг татан оролцуулах
замаар оновчтой хэрэгжүүлж чадвал метро барих зардлыг богино хугацаанд нөхөх
боломжтой ажээ. Үүнээс гадна нийслэл метротой болсноор худалдаа үйлчилгээ,
бизнесийн үйл ажиллагаа идэвхижиж, үл хөдлөх хөрөнгийн зах зээл хөгжихийн
зэрэгцээ шинэ ажлын байр олноор бий болох зэрэг эдийн засгийн олон талын ач
холбогдолтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Б.Цацралт
Холбоо барих: tsatsralt.b@bloombergtvmongolia.com