Ли Көциан зорилтоо биелүүлж чадахгүй байж магадгүй байна
Өнгөрсөн сард Хятадын банкны салбарт нүүрлэсэн бэлэн мөнгөний хомсдолоос үүдэн компаниудад олгодог зээлийн хэмжээ буурсантай зэрэгцэж тус улсын аж үйлдвэрлэлийн салбарын өсөлт дөрвөн сарын хамгийн доод түвшиндээ хүрсэн байна. Учир нь 50.8 байсан тус улсын Үйлдвэрлэлийн салбарын худалдан авагч менежерийн индекс зургадугаар сард 50.1 болсон тухай Хятадын Үндэсний статистикийн товчооноос мэдээлжээ. Хэдийгээр өнгөрсөн сард “HSBC”-ээс гаргасан Худалдан авагч менежерүүдийн урьдчилсан индекс таамаглаж байснаас доогуур буюу 48.2 -тай гарч байсан ч энэ удаагийн үзүүлэлт ихэнх шинжээчдийн таамагтай таарч байгаа аж. Гэвч дундад улсын үйлдвэрлэлийн салбарын өсөлт тааруу байгаа нь ерөнхий сайд Ли Көцянийн эдийн засгаа 7.5 хувиар өсгөх зорилтоо биелүүлж чадахгүйд хүрэх магадлалыг нэмэгдүүлж байна гэж шинжээчид хэлж байна. Учир нь Блумбергийн судалгаагаар 2013 он гарснаас хойш урд хөршийн эдийн засгийн өсөлт хоёр дахь улиралдаа дараалан буурч магадгүй байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн сард “Goldman Sachs”, “China International Capital”, “Barclays” болон “HSBC” банкууд Хятадын энэ жилийн эдийн засгийн өсөлтийн төлвийг бууруулж 7.4 хувь болгосон байна. Үүнээс гадна өнгөрсөн зургадугаар сард Хятадын дотоодын бондын арилжаа өмнөх сараас 48 хувиар буурч, 190.6 тэрбум юань болсон бол бэлэн мөнгөний хомсдолоос үүдэн "Shanghai Composite" индекс 14 хувиар буурчээ.
Э.Анхбаяр
Холбоо барих: Ankhbayar.e@bloombergtvmongolia.com
Munkhjin.ts@bloombergtvmongolia.com