Криптовалютад донтогсдод туслах, зөвлөгөө өгөх эмчилгээний төвүүд олноор нээгдэх болжээ
Нийтэлсэн огноо: 2022 оны 05 сарын 03 17:00
Криптовалютын зах зээлийн хөрөнгийн зах зээлээс ялгаатай нь долоо хоногийн 24 цагийн турш арилжаалагддаг. Мөн савлагаа өндөр, тодорхойгүй байдал зэрэг нь зарим арилжаанд оролцогчдын “допамин”-ыг өдөөх эх үүсвэр болдог байна.
Өөрөөр хэлбэл крипто зах зээлд донтох эрсдэл дагуулж байгаа юм. Тиймээс дэлхий даяар криптовалютад донтсон хүмүүст туслах, зөвлөгөө өгөх эмчилгээний төвүүд олноор нээгдэх болсон байна.
“Bloomberg”-ийн сурвалжлагч Чарли Уэллсийн судалснаар зарим эмчилгээний төвүүд нь долоо хоногийн 90 мянган ам.долларын үнэтэй байдаг байна.
“Bloomberg News"-ийн сурвалжлагч Чарли Уэллс
“Сүүлийн хэдэн жилийн хугацаанд сэтгэл мэдрэлийн клиникийн эмч нар криптовалютын донтуулах чанарыг судалж үзэх болсон. Криптовалют үнэхээр хүнийг донтуулдаг уу гэсэн асуултын хүрээнд криптовалютын хэт донтолт нь мөрийтэй тоглоомын эмгэгтэй төстэй байж болно гэдэгт санал нэгдээд байгаа. Харин энэ бол сэтгэцийн эмч нарын сүүлийн 10 жилийн турш судлан тодорхойлж, “Сэтгэцийн эмгэгийн оношилгоо, статистикийн гарын авлагын тавдугаар хэвлэл”-д багтсан эмгэг юм. Тэгэхээр мэргэжилтнүүдийн үзэж буйгаар криптовалют нь донтуулагч байж болох бөгөөд биткойн нь бусад койны адил үүний нэг хэсэг болж таараад байна.
Криптовалютад донтсон хүмүүст туслалцаа үзүүлэх зорилготой эмнэлгүүд дэлхийн улсуудад олноор нээгдэх болсон. Швейцарт л гэхэд нэг долоо хоногийн эмчилгээ нь 90 мянган ам.долларын үнэтэй байх жишээтэй. Манай хамтран ажиллагч нэг эмэгтэй эмчилгээний төвд очиж үзэж л дээ. Эмнэлгийн тоног, төхөөрөмжүүдийг хараад нэлээн гайхширсан байна лээ. Мөн миний байрлаж байсан Шотландаас эхлээд дэлхий даяар эмчилгээний төв бий. Цахимаар криптовалютын эмчилгээ хийж, бүр төлбөрөө криптогоор хийхийг зөвшөөрдөг эмчтэй ч уулзаж байлаа. Тэгэхээр энд маш өргөн сонголт байсаар байна” гэж мэдэгдлээ.
О.Цэнгэг | @TsengegO
Холбоо барих: tsengeg.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-05-03 17:00
75569
BBJAX