“Их Майдар” төслийн бүтээн байгуулалтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна
Төв аймгийн Сэргэлэн суманд баригдаж байгаа “Их Майдар" цогцолборын эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажил одоогоор 35 хувийн гүйцэтгэлтэй байгааг “Их Майдар" төслийн нэгжээс мэдээллээ. Нийт 35 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар босох энэхүү төслийн хүрээнд одоогоор 10 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт зарцуулаад байгаа юм байна. Монгол Улсын анхны “crowd funding" буюу олон нийтийн оролцоотойгоор хэрэгжих дээрх төслийн эхний үе шатанд 108 мянган өрх оролцохоор тооцоолсноос одоогоор 17 мянган өрх төсөлд хамрагдаад байгаа гэж “Их Майдар" төслийн Гүйцэтгэх захирал Б.Цогтбаяр мэдээллээ. Энэ ондоо багтаж бурханы суурийг барих ажлыг дуусгахаар төлөвлөж байгаа аж. Мөн угсралтын ажил нь хийгдэж байгаа 54 метрийн өндөртэй “Майдар" бурханыг бүтээх ажлыг ирэх онд бүрэн дуусахаар төлөвлөжээ. “Их Майдар" төсөл хэрэгжсэнээр нэг сая жуулчин татах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Түүнчлэн төслийн хоёр дахь үе шатанд Төв аймгийн Сэргэлэн суманд 200 мянган хүн оршин суух дагуул хот байгуулахаар төлөвлөж байгаа аж. “RSAA", “Drees and Sommer" болон “Trans Solar" зэрэг Европын таван компанийн оролцож байгаа “Майдар" эко сити төслийн хүрээнд дагуул хот байгуулах ерөнхий төлөвлөгөө ирэх 12 дугаар сард дуусах төлөвтэй байна. Урьдчилан тооцоолсноор төслийн хоёр дахь үе шатанд хамгийн багадаа 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үзжээ. Үүнээс гадна “Морин хуур тауэр" компанийн хэрэгжүүлж байгаа “Морин хуур" цогцолбор бүтээх төслийг дурдаж болохоор байна. 309 метрийн өндөр морин хуурийн хэлбэртэй цогцолбор бүтээх ажил 2013 оноос эхэлсэн юм. Одоо барилгын зургийн олон улсын тендер шалгаруулах ажлыг эхлүүлэхээр ажиллаж байгаа ажээ. Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах энэхүү төслийг хэрэгжүүлэхэд 300 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. 90 гаруй мянган метр квадрат талбайтай цогцолборын морин хуурын царны хэсэг нь 30 давхар байх бол морин хуурын чихний хэсэгт алсыг харах шилэн тавцан байрлах юм байна.
Э.Нарантунгалаг
Холбоо барих: narantungalag.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com