Ирэх онд нийслэлийн төсөвт 853 тэрбум 712,7 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөжээ
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтын хэрэгжилтийн тайлан болон нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтыг батлах тухай асуудлыг хэлэлцэхээр боллоо. Мөн хуралдаанаар 2014 оны төсвийн төслийг танилцуулсан байна. Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, “Ажилтай, орлоготой Улаанбаатар” хөтөлбөр болон “Иргэний оролцоотой төсөв -2014” хэлэлцүүлгийн хүрээнд нийслэлийн иргэдээс авсан саналыг үндэслэн төсвийн төсөлд тусгасан байна. Урьдчилсан байдлаар 2014 онд нийслэлийн төсөвт 853 тэрбум 712,7 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөснөөс 556,4 тэрбум төгрөг нь хууль тогтоомжийн дагуу нийслэлийн төсөвт төвлөрөх төсвийн орлогын нэр төрлөөс, 48,8 тэрбум төгрөг нь орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд хуваарилагдах шилжүүлгийн орлогоос, 248,5 тэрбум төгрөг нь улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгийн орлогоос бүрдэх юм байна. Нийслэлийн төсвийн бүтцийн орлогын 65,9 хувийг хувь хүний орлогын албан татвар, бусад нэр төрлийн татварын орлого 24,8 хувь, татварын бус орлогоос 8,0 хувийг, үлдэх 1.3 хувийг өмч хувьчлалын орлогоос бүрдүүлэхээр төлөвлөжээ.
Холбоо барих: minjma.g@bloombergtvmongolia.com