Иран улс цөмийн технологийн салбарт хийсэн ололт амжилтаа танилцуулна
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Казакстаны Алма-Ата хотод Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар долоон талт уулзалт болж өнгөрөв. Уулзалтын төгсгөлд АНУ, Их Британи, ОХУ, БНХАУ болон Герман улсыг төлөөлж Европын Холбооны гадаад бодлого хариуцсан ахлах Катерин Аштон "Хэлэлцээр бодит байдалд хүрэхэд хол байна. Гэхдээ өмнө нь байгаагүй нарийн асуудлаар ярилцаж чадсан" гэсэн дүгнэлтийг хэлжээ. Харин Ираны төлөөлөгч Саийд Жалили уулзалтыг "Тал бүрийн асуудлыг хамарсан, эрчимтэй бас бодит уулзалт боллоо" гэж дүгнэсэн байна.
Гэвч талууд дараагийн уулзалт явагдах газар болон хугацааг тохироогүй бөгөөд уулзалт үр дүнгүй болсноор Иранд тавих эдийн засгийн хориг арга хэмжээг чангалж магадгүй гэж шинжээчид таамаглаж байгаа аж. Гэхдээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри цөмийн хөтөлбөрийн талаар хэлэлцэхэд "хаалга үргэлж нээлттэй" байгаа болохыг сануулжээ. Харин маргааш Иран улс цөмийн технологийн салбарт олсон шинэ ололт амжилтаа танилцуулна гэж Ираны төрийн мэдлийн “ФАРС” агентлагаас мэдээлснийг нь цөмийн зэвсэг байх магадлалтай гэж АНУ болон барууны холбоотон улсууд таамаглаж байгаа юм.