ЗГ: Гашуунсухайт боомтын тээврийн жолооч нарыг дархлаажуулж эхлэв
Гуравдугаар сарын 19-ний өдрийн 09.00 цагийн байдлаар нийслэлд 160 хүнээс “коронавирус”-ийн халдвар илэрч, улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 4658 боллоо.
Халдварын тоо энэ хэвээр эрчимтэй нэмэгдсээр байвал хөл хорионы дэглэмийг дахин чангаруулах хүртэл арга хэмжээ авахаар байна. Иймд иргэд вакцин хийлгэсэн ч халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн баримтлах хэрэгтэйг Эрүүл мэндийн яам тодотголоо.
Өнөөдрийн байдлаар вакцины эхний тунгаа хийлгээд дараагийн тунг хийлгэхээс өмнө халдвар авсан цөөн тооны хүн байгааг Эрүүл мэндийн яам мөн дурдав. “Мөн бүрэн тунг хийлгэсэн ч “COVID-19”-ийн халдвараас 100 хувь хамгаална гэсэн үг биш. Гэхдээ өвчлөл хүндрэх, нас барахаас сэргийлэх чухал арга хэмжээ” гэдгийг онцоллоо.
Үүнээс гадна гуравдугаар сарын 18-ны өдрийн 21.00 цагийн байдлаар 16 мянга 63 хүнийг “коронавирус”-ийн эсрэг вакцинд хамруулсан байна. Дархлаажуулалт эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд нийт 171 мянга 535 хүн вакцины эхний тунг хийлгээд байна.
Энэ баасан гарагаас уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээврийн жолооч нарыг дархлаажуулж эхэлснийг Засгийн газар мэдээллээ. Эхний байдлаар Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газарт 11 мянган вакцины тун хүргэгдээд байна.
Гашуунсухайт боомтын тээврийн жолооч нарыг 6-7 хоногт багтаан вакцинд хамруулсны дараа Шивээхүрэн боомтод үргэлжлүүлэн ажиллах юм. Мөн уурхайчдыг вакцинжуулалтад хамруулах ажлыг нэн яаралтай эхлүүлэхээр бэлтгэл ажлыг эхлүүлснийг тодотгосон байна.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com