Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалтын газрыг байгуулахаар тогтлоо
Гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг шинэ системээр бүртгэж, зохион байгуулах ажлыг гүйцэтгэх Хөрөнгө оруулалтын газрын бүтэц, бүрэлдэхүүнийг Засгийн газраас баталлаа. Хөрөнгө оруулалтын газар нь сурталчилгаа болон зөвлөх үйлчилгээ, хөрөнгө оруулалтын үнэлгээ мөн захиргаа, хүний нөөцийн гэсэн гурван үндсэн нэгж хэлтэстэй, 21 албан хаагчтай байх ажээ.
Энэхүү агентлаг нь эдийн засгийн хөгжлийн яамны Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт, бүртгэлийн газрын суурин дээр байгуулагдаж байгаа ч шинээр батлагдсан хөрөнгө оруулалтын хуулийн дагуу зарим чиг үүргээ Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлж, зарим шинэ чиг үүргийг хэрэгжүүлэх юм байна. Тухайлбал, хөрөнгө оруулалтыг татах үйл ажиллагаа эрхлэхээс гадна хөрөнгө оруулагчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах дэмжлэг, үйлчилгээ үзүүлнэ. Мөн эрх зүйн орчны талаар хөрөнгө оруулагчдад сурталчлах, шалгуур хангасан хөрөнгө оруулагч хуулийн этгээдэд тогтворжуулах гэрчилгээг олгоно. Гэхдээ орон тооны хувьд Эдийн засгийн хөгжлийн яамны хязгаарыг нэмэгдүүлэхгүйгээр 2014 оны төсөвт шаардлагатай санхүүжилтийг тусгаж, УИХ-д өргөн барихаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Олон улсын хэмжээнд ийм чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 250 орчим агентлаг байдаг юс байна.
З.Энхболор
Холбоо барих: enkhbolor.z@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com