Засгийн газрын хуралдаанаар төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй төслүүдийг хэлэлцэв
Засгийн газрын ээлжит хуралдаанаар барилга, агаарын тээвэр, чөлөөт бүсийн асуудлуудыг хэлэлцлээ.
Тухайлбал: улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй, гүйцэтгэл нь дуусаагүй 1122 төслөөс 524-т нь магадлан хийсэн байна. Ийнхүү барилгын материалын үнийн өсөлт, цалингийн зардал, тээврийн үнэ, шатахууны үнэ зэрэг хүчин зүйлсийг харгалзан 524 төсөлд 270 тэрбум төгрөгийн үнийн зөрүү гарчээ. Энэ дүнг улсын нэгдсэн төсөвт тусгаж, ойрын хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна.
Барилга, Хот байгуулалтын Сайд Б.Мөнхбаатар
Харин аялал, жуулчлалын салбарыг дэмжих хүрээнд хувийн хэвшлийн агаарын тээврийн компаниудад 145 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг Төрийн банкны шалгуур хангасан тохиолдолд олгохоор шийдвэрлэсэн байна. Санхүүжилт нь эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийг сэргээх 10 их наяд төгрөгийн багц хөтөлбөрт багтаж байгаа аж. Мөн МИАТ ТӨХК-д Франкфуртын чиглэлд үйлдэх нислэгт Засгийн газрын нөөц хөрөнгөөс 4.7 тэрбум төгрөгийн татаас олгохоор шийдвэрлэсэн байна.
Зам, Тээврийн хөгжлийн Сайд Л.Халтар
Үүнээс гадна Замын-Үүдийн чөлөөт бүс нийт 900 га талбайтайгаас 81 аж ахуйн нэгжид 113.9 га газар олгосон байна. Эдгээрээс таван аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж, дөрвөн аж ахуйн нэгж бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлжээ.
Харин Алтанбулаг чөлөөт бүс нь 500 га талбайтайгаас 120 га-г 131 аж ахуйн нэгжид олгосон байна.
Цагааннуурын чөлөөт бүсэд 708 га талбайтайгаас 101 га газрыг дөрвөн аж ахуйн нэгжид олгосон ч мөн л үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байна. Тиймээс чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх үүднээс чөлөөт бүсүүдийн ерөнхий төлөвлөгөөг яаралтай батлуулахыг үүрэг болгосон гэж Эдийн засаг, Хөгжлийн дэд сайд мэдээллээ.
Эдийн засаг, Хөгжлийн дэд Сайд С.Наранцогт
З.Энхболор
Холбоо барих: enkhbolor.z@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com