Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг сэргээв
Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор зарим төрлийн бараа, бүтээгдэхүүний экспортыг сэргээгээд байгааг Гадаад харилцааны яам мэдээллээ.
Тавдугаар сарын 18-ны өдрөөс чингэлэг тээврийн горимоор ноос, арьс шир, самар, эмийн ургамал, хөнгөн цагаан зэрэг бараа, бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийг эхлүүлэхээр БНХАУ-ын талтай тохиролцоод байсан юм.
Үүнээс гадна Замын-Үүд төмөр замын боомтоор нурмаг, нунтаг ачааны экспортын тээвэрлэлтийг сэргээсэн байна.
Хэвийн үед тус боомтоор өдөрт дунджаар өргөн царигаар экспортын ачаатай 14-15 цуваа галт тэрэг ордог. Мөн нарийн царигаар импортын болон дамжин өнгөрөх чингэлгийн 6-7 цуваа галт тэрэг нэвтэрдэг байсан ч зогсонги байдалд ороод байсан юм.
Тавдугаар сарын 20-ны өдрөөс Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор задгай вагоноор эрчим хүчний нүүрс, тонны савлагаатай үр тарианы импорт-экспортын тээвэрлэлтийг сэргээх болсон талаар дипломат шугамаар мэдэгдээд байгааг Гадаад харилцааны яам мэдээлж байна.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com