Жанет Йеллэн АНУ-ын Холбооны Нөөцийн банкны 15 дахь тэргүүнээр томилогдлоо
Жанет Йеллэн Сенатын гишүүдийн дэмжлэгийг хүлээж, АНУ-ын Холбооны Нөөцийн банкны 15 дахь тэргүүнээр томилогдлоо. Ийнхүү 100 жилийн түүхтэй тус банкийг анх удаа эмэгтэй хүн удирдахаар болж байна. Энэ жил 67 настай Жанет Йеллений томилгоог Сенатын гишүүд 56-26 гэсэн саналын харьцаагаар баталжээ. АНУ-ын Төв Банкны одоогийн тэргүүн Бен Бернанкегийн бүрэн эрхийн хугацаа энэ сарын 31-нд дуусгавар болсноор Жанет Йеллен ажлаа албан ёсоор хүлээж авах юм байна. АНУ-ын Төв банкны хувьд эдийн засгаа дэмжих зорилгоор сар бүр бонд худалдан авахад зарцуулж буй мөнгөнийхөө хэмжээг энэ сараас эхлэн 10 тэрбум ам.доллараар бууруулахаар болоод байгаа юм. Цаашлаад энэ ондоо багтаан бондын хөтөлбөрийг өндөрлүүлж магадгүй байгаа ажээ. Бодлогын хүүг түүхэн доод хэмжээнд барьж, бонд худалдан авах хөтөлбөрийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн Бен Бернанкегийн бодлого, үйл ажиллагааг одоогоор Холбооны Нөөцийн банкны дэд тэргүүний албыг хашиж байгаа Жанет Йеллен дэмжсээр ирсэн юм. Бондын хөтөлбөрийн дүнд АНУ-ын Төв банкны тайлан тэнцэл 4.02 их наяд ам.долларт хүрчээ. Жанет Йеллен өнгөрсөн 11 дүгээр сарын 14-нд Конгрессийн гишүүдийн асуултад хариулах үедээ “Эдийн засаг хангалттай сэргэх хүртэл бонд худалдан авах хөтөлбөрийг үргэлжлүүлнэ” гэж мэдэгдсэн юм. Жанет Йеллений томилгоог Сенатын дийлэнх гишүүд дэмжсэн ч түүнийг дэмжээгүй гишүүд мөн өөрсдийн байр сууриа илэрхийлсэн байна. Тэд Жанет Йеллен Бен Барнанкегийн бодлогыг дэмждэгийг дурдаад, энэ бодлого нь зах зээлийн үнийг хөөрөгдөж, эсвэл инфляцийг өсгөж магадгүй гэжээ. Холбооны нөөцийн банкнаас мэдээлснээр, өнгөрсөн 11 дүгээр сард АНУ-д хэрэглээний үнийн индекс өнгөрсөн оны мөн үеэс 0.9 хувиар өссөн байна. Инфляцийн зорилтот хэмжээ хоёр хувьтай байгаа аж. Харин өнгөрсөн оны 11 дүгээр сард АНУ-ын ажилгүйдлийн түвшин долоон хувь буюу сүүлийн таван жилийн хамгийн доод хэмжээндээ хүрээд байгаа бөгөөд бонд хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь нөлөөлсөн гэж Холбооны Нөөцийн банк мэдээлж байгаа юм.
Э.Анхбаяр
Холбоо барих: ankhbayar.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com