Жагсагчид Виктор Януковичийг Европын холбоотой гэрээ байгуулахыг шаардаж байна
Ням гарагт Киев хотын Тусгаар тогтнолын талбайд 200 мянган хүн жагсч, Украйны Ерөнхийлөгч Виктор Януковичийг Европын холбоотой гэрээ байгуулахыг шаардлаа. Жагсаалын үеэр Украйны Ерөнхий сайд асан Юлия Тимошенкогийн охин Евгения Тимошенко жагсагчдыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Харин сөрөг хүчнийхэн бусад хотоос жагсаалд оролцох хүмүүсийг авчрах ажлыг зохион байгуулсаар байна. Бямба гарагт В.Януковичийг дэмжигч 15 мянган хүн Тусгаар тогтнолын талбайгаас холгүйхэн жагсаал хийжээ. Тус улсын Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал сар гаруй үргэлжилж байна. Жагсагчдын эсэргүүцэл улам хүчтэй болсон учир Украйны албаны төлөөлөгчид энэ долоо хоногт Европын холбоотой дахин хэлэлцээр хийхээр болжээ. Харин Украйны Ерөнхийлөгч Виктор Януковичийн зүгээс Украйн улс ОХУ-тай харилцаагаа муутгасны үр дүнд хүлээх худалдааны алдагдлыг Европын холбоо нөхөх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа юм.Украйны сөрөг хүчнийхэн түүнийг Владимир Путинтэй мягмар гарагт уулзах үедээ ОХУ-ын тэргүүлдэг Гаалийн татварын холбоонд нэгдэхийг зөвшөөрч магадгүй гэж үзэж байлаа. Хэдий тийм боловч сөрөг хүчний төлөөлөл В.Януковичийн дугуй ширээний хэлэлцээр хийх саналыг зөвшөөрөөд байна. Жагсаалаас болж Украйны эдийн засагт хохирол учирсаар байгаа бөгөөд жагсагчид Киев хотын зам талбайг хааж байгаагаас ойр ойрчмын компаниуд хаалгаа барьжээ. Украйны алт болон гадаад валютын нөөц 11-12 дугаар сарын хооронд есөн хувиар буурсан байна. Мөн дотоод валют болох гривень болон Украйнтай холбоотой бондын ханш буурчээ.
Т.Элиса
Холбоо барих: elisa.t@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com