Евро бүсийн эдийн засгийн агшилт үргэлжилж магадгүй байна
Өнгөрсөн тавдугаар сард Евро бүсийн үйлдвэрлэлийн гарц буурсан нь 17 улсыг хамардаг тус бүс нутгийн эдийн засаг долоо дахь улиралдаа дарааллан агшилттай гарч магадгүйг илтгэж байна. Европын Холбооны статистикийн газрын баасан гарагийн мэдээллээр тавдугаар сард Евро бүсийн үйлдвэрлэлийн гарц өмнөх сарынхаас 0.3 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 1.3 хувиар тус тус буурчээ. Харин Европын Холбоог бүхлээр нь харвал, тавдугаар сард үйлдвэрлэлийн гарц өмнөх сарынхаас 0.6 хувиар, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.6 хувиар буурсан байна. Үйлдвэрлэлийн гарц буурахад дотоодын эрэлт болон экспортын үзүүлэлт тааруу байсан зэрэг хүчин зүйлүүд голлох нөлөөг үзүүлжээ. Тодруулбал, Румын, Литва, Швед тэргүүтэй 13 улсын үйлдвэрлэлийн гарц буурсан бол Португал, Латви зэрэг есөн улсын үйлдвэрлэлийн гарц өссөн мэдээтэй байна. Энэ оны нэгдүгээр улиралд ашиглалттай гарснаар зургаан улирал дарааллан бууралттай гараад байгаа Евро бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүний 2013 оны хоёрдугаар улирлын албан ёсны үзүүлэлт наймдугаар сарын дунд үе хүртэл гарахааргүй байна. Гэвч бизнесийн судалгаа болон эдийн засгийн бусад үзүүлэлтүүдээс харахад хоёрдугаар улиралд Евро бүсийн эдийн засаг дахин агшсан байж магадгүй байна. Тухайлбал, Олон улсын валютын сангаас Евро бүсийн эдийн засаг энэ жил 0.6 хувиар агшина гэж тооцоолоод байгаа юм.
Э.Анхбаяр
Холбоо барих: Ankhbayar.e@bloombergtvmongolia.com
Munkhjin.ts@bloombergtvmongolia.com