Евро бүсийн гадаад худалдааны ашиг 4.3 тэрбум еврогоор өссөн байна
Евро бүсийн долдугаар сарын гадаад худалдааны ашиг өнгөрсөн оны мөн үеэс 4.3 тэрбум еврогоор өсч 18.2 тэрбум евро буюу 24.3 тэрбум ам долларт хүрчээ. Европын Статистикийн газрын мэдээлснээр тус бүсийн экспорт 2012 оны долдугаар сараас гурван хувиар өссөн бол импортод өөрчлөлт гараагүй байна. Харин долдугаар сарын гадаад худалдааны үзүүлэлтийг өнгөрсөн сартай харьцуулахад ашиг нь 1.7 тэрбум еврогоор нэмэгджээ. Гэхдээ экспорт 1.6, импорт 0.1 хувиар буурсан байна. 9.5 их наяд еврогоор үнэлэгддэг эдийн засагтай Евро бүсийн Их Британи, ОХУ, Туркийг чиглэсэн экспорт өнгөрсөн долдугаар сард мөн нэмэгдсэн үзүүлэлттэй гарлаа. Харин АНУ болон БНХАУ-ыг чиглэсэн экспорт нь буурчээ. Өөрөөр хэлбэл долдугаар сард Евро бүсийн 17 орны гадаад худалдаа өмнөх сараас агшсан байна. 2013 он гарснаар Евро бүсийн орнууд гадаад худалдаанаасаа нийт 90.8 тэрбум еврогийн ашиг олжээ. Энэ дүнг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.5 дахин өссөн байна. Энэхүү өсөлтөд сүүлийн үед эдийн засгийн үзүүлэлтүүд нь сайн гарч байгаа Германы нөлөө их байгаа аж. Түүнчлэн есдүгээр сард Германы хөрөнгө оруулагчдын эдийн засагт итгэх итгэл сүүлийн гурван жилийн хамгийн дээд түвшинд хүрсэн тухай мэдээлэл гараад байна. “ZEW” төвөөс гаргадаг уг индекс өмнөх сараасаа 7.6 нэгжээр өсч, 49.6 болжээ. Эдийн засгийн үзүүлэлтүүд сайн гарч байгаа энэ үед Европын Төв банк бодлогын хүүгээ түүхэн доод түвшинд барьж байгаа. Үүний зэрэгцээ 2014 онд Евро бүсийн эдийн засаг 0.1 хувийн өсөлт үзүүлэх тооцоо гараад байна.
Ж.Нямгэрэл
Холбоо барих: nyamgerel.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com