Европын Төв банк VII сард бодлогын хүүгээ өсгөх дохиог зах зээлд өгөв
Нийтэлсэн огноо: 2022 оны 05 сарын 12 13:40
Европын Төв банк нийт хөрөнгө худалдан авалтаа эцэслэсний дараа бодлогын хүүгээ өсгөх дохиог зах зээлд өглөө.
Европын Төв банкны бонд худалдан авах хөтөлбөр ирэх улиралд дуусахаар байна. Үүнээс хойш хэдэн долоо хоногийн дараа бодлогын хүүгээ өгсөж магадгүй гэж Европын Төв банкны Ерөнхийлөгч Кристин Лагард мэдэгдлээ.
Ингэснээр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд анх удаа бодлогын хүүгээ өсгөхөөр байна. ОХУ, Украины нөхцөл байдалтай холбоотойгоор Европт стагфляц үүсэх эрсдэл өндөр байгаа юм.
Хэдий тийм боловч VII болон IX сард болох хурлуудаар Европын Төв банк бодлогын хүүгээ тус бүр 0.25 нэгж хувиар өсгөнө гэж шинжээчид таамаглаж байна.
Европын Төв банкны Ерөнхийлөгч Кристин Лагард
“Европын Төв банкнаас гаргасан мөнгөний бодлогын талаарх төсөөллийн дагуу нийт бонд худалдан авалт дууссаны дараа бид бодлогын хүүгээ өсгөнө. Цаг хугацааны хувьд хараахан нарийн тогтоогүй байна. Гэхдээ миний зүгээс үүнд ердөө хэдхэн долоо хоногийн хугацаа шаардагдаж магадгүйг тодорхой илэрхийлсээр ирсэн. Бодлогын хүүг хамгийн эхний удаа өсгөсний дараа зорилтот түвшинд хүргэх үйл явц шат дараатай байх болно. Мөн бид мөнгөний бодлогыг “чангатгах” гэх нэр томьёог биш харин “хэвийн түвшинд хүргэх” гэдэг үгийг ашиглаж байгааг анхаарах хэрэгтэй” гэж мэдэгдлээ.
Г.Хулан | @KhulanGanzorig
Холбоо барих: khulan.g@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-05-12 13:40
75747
BBJAX