ДЭМБ: COVID-19-ийн “Omicron” хувилбар эрүүл мэндийн салбарын ачааллыг дээд цэгт хүргэх эрсдэлтэй
Олон улсад эрчимтэй тархаж буй COVID-19-ийн “Omicron” хувилбар жилийн өмнөх халдвартай адилгүй гэж Оксфордын их сургуулийн дархлаа судлалын эрдэмтэн мэдэгдлээ.
Шинэ хувилбар хөнгөн өвчлөл үүсгэж, хүндээр өвчилсөн хүмүүс ч хурдан эдгэрч байна. Тиймээс халдвар авсан хүмүүс эрчимт эмчилгээний тасагт хүргэгдэж байсан үе дахиж давтахгүй гэж тэрбээр онцолжээ.
Үүнээс гадна “Omicron” хувилбарын халдвар авсан хүмүүст “Delta” хувилбарын эсрэг дархлаа тогтож байгааг Өмнөд Африкийн судалгаа харууллаа. Шинж тэмдэг илэрснээс хойш 14 хоногийн дараа халдвар авсан хүмүүсийн “Delta” хувилбарын эсрэг дархлаа 14 дахин нэмэгджээ. Судалгаагаар COVID-19-ийн “Omicron” хувилбараар өвчилсөн хүмүүс “Delta” хувилбараар дахин халдварлаж, хүндээр өвчлөх эрсдэл буурах боломжтойг харуулж байна.
Хэдийгээр COVID-19-ийн “Omicron” хувилбар хөнгөн өвчлөл үүсгэж байгаа ч халдварын тохиолдол эрс нэмэгдэж, эрүүл мэндийн салбарын ачааллыг дээд цэгт нь хүргэх эрсдэлтэй байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага анхаарууллаа.
Франц улсад сүүлийн байдлаар COVID-19-ийн халдварын 180 мянга орчим тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь цар тахал эхэлснээс хойших дээд үзүүлэлт боллоо.
Харин АНУ-д COVID-19-ийн “Omicron” хувилбарын халдвар нийт тохиолдлын 58 хувийг эзэлж байгаа аж. Тус улсад өнгөрсөн нэг хоногт 441 мянган тохиолдол бүртгэгджээ. Энэ нь нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол боллоо.
М.Аминаа
Холбоо барих: aminaa.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com