ДЭМБ: COVID-19-ийн халдварын тархалт буурсан ч бүрэн алга болохгүй
COVID-19-ийн халдварын тархалт буурсан ч бүрэн алга болохгүй гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага мэдэгдлээ.
“Коронавирус”-ийн халдвар үргэлжилсэн хэвээр байж, вакцинд хамрагдаагүй иргэдийн дунд үе үе тархсаар байх эрсдэлтэйг анхааруулж байгаа юм. Тус байгууллага 2022 оны эцэс гэхэд нас баралт, хүндээр өвчлөлийг бууруулахад вакцины тэгш хүртээмж чухал нөлөөтэй гэж үзэж байна. Одоогоор Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын гишүүнчлэлтэй 194 улсын тал гаруй нь хүн амынхаа 40 хувийг дархлаажуулах зорилтод хүрээгүй байгаа ажээ.
АНУ-ын хувьд COVID-19-ийн “Omicron” хувилбар тархаж эхэлснээр өдөрт бүртгэгдэх тохиолдол нь 60 хувиар өссөн байна. Халдварын тархалт эрчимжээд байгаа ч нас баралт долоо хоногийн дунджаар долоон хувиар буурчээ. Энэ нь COVID-19-ийн “Omicron” хувилбар харьцангуй хөнгөн өвчлөл үүсгэдэг гэсэн эрдэмтдийн таамагтай нийцэж байгаа аж.
Хэдий тийм боловч АНУ-д хүүхдийн халдварын тохиолдол нэмэгдсээр байгааг тус улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлж байна.
М.Аминаа
Холбоо барих: aminaa.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com