ДЭМБ: ОХУ-д “COVID-19”-ийн тархалтын эрч алгуур буурч байна
ОХУ-д “COVID-19”-ийн халдварын батлагдсан тохиолдол 8.5 мянгаар нэмэгдэж, 432 мянга давлаа. Тус улсад тархалтын хурд алгуур буурч байгаа гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага мэдэгдээд байна.
Харин Энэтхэгт шинэ төрлийн “коронавирус”-ийн халдварын тохиолдол 9.6 мянгаар нэмэгджээ. Энэ сарын дунд үе гэхэд өдөрт 15 мянгаар нэмэгдэж магадгүй гэж БНХАУ-ын судлаачид тооцоолсон байна.
БНАСАУ-д сургуулиуд хичээллэж эхэлсэн байна. Тус улсад өнөөдрийг хүртэл бүртгэгдсэн тохиолдол байхгүй байгаа юм.
Иранд “COVID-19”-ийн халдварын шинэ тохиолдол долоо хоногийн өмнөх үеэс 50 хувиар нэмэгдэж, 3.1 мянга хүрсэн байна. Энэ нь гуравдугаар сарын оргил үетэй ойрхон дүнгээр огцом өссөн үзүүлэлт боллоо. Тус улсад шинэ төрлийн “коронавирус”-ийн тархалтын хоёр дахь давлагаа эхэлсэн гэж үзэж байгаа юм байна.
АНУ-д халдварын тохиолдол 1.2 хувиар нэмэгдлээ. Эндсэн хүний тоо 10 долоо хоногийн доод түвшинд хүрсэн байна.
Нью-Йорк хотоос бусад долоон бүсэд зоогийн газруудын үйл ажиллагааг сэргээгээд байна. Нью-Йорк мужийн хувьд цар тахлыг амжилттай даван туулсан гэж захирагч нь мэдэгдлээ. Харин Флорида мужид халдварын тохиолдол сүүлийн хоёр долоо хоногт байгаагүйгээр өсжээ.
Бразилд халдварын тохиолдол 20 мянгаар буюу АНУ-ынхаас илүү өндөр хурдтай өссөн хэвээр байна.
Итали улс хилээ нээж Европын орнуудын хооронд хийх аяллыг зөвшөөрчээ. Австри улс хилээ нээсэн ч Италийн чиглэлийн аяллуудыг хориглосон хэвээр байна. Бельгид ирэх долоо хоногт иргэд нь улс дотроо 1-2 өдрийн аялал хийх боломжтой болох юм байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хэрэглэж байсан хумхаа өвчний эм “COVID-19”-ийн халдвараас сэргийлэх үйлчилгээ байхгүй байгааг судалгаагаар тогтоосон байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас энэ эмийн судалгааг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгджээ.
Хуажуны Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Тонжи эрүүл мэндийн коллежийн профессор Лу Зушун
“Тавдугаар сарын 14-нөөс зургаадугаар сарын нэгний хооронд 9.8 сая хүнд оношилгоо хийсэн. Үүнээс 300 хүн нь шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвартай нь тогтоогдсон. Гэхдээ шинж тэмдэг илрээгүй байсан. Ойрын хавьтлын 1.1 мянган хүний оношилгооны хариу “Сөрөг” гарсан. Шинж тэмдэг илрээгүй ч шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар авсан болон ойрын хавьтлуудыг ажиглалтад байлгаж байна. Шинж тэмдэг илрээгүй өвчтөнүүдийн тоо Уханийн хүн амын маш бага хувийг эзэлж байна. Тэднээс "COVID-19" халдварласан тохиолдол бүртгэгдээгүй” гэж мэдэгдлээ.
Дэлхийн хэмжээнд шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар авсан 6.5 сая (6,567,058), эндсэн 387 мянган тохиолдол бүртгэгдээд байна. Харин эдгэрсэн хүний тоо 3.1 сая давжээ.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com