Дэлхийн хэмжээнд “COVID-19”-өөр өвчилсөн хүний тоо 1.3 сая давлаа
АНУ-д “COVID-19” өвчлөлийн улмаас өвчилсөн хүний тоо 367 мянган 650 болж, нас барсан хүний тоо 10 мянга давлаа. Нью-Йорк муж хөл хорионы арга хэмжээгээ энэ сарын 29-нийг дуустал сунгаад байна. Хэдий тийм боловч Нью-Йоркт нас баралтын тоо тогтворжих байдал ажиглагдаж эхэлснийг тус мужийн захирагч мэдээллээ.
Харин Итали, Франц, Герман, Испанид халдварын шинэ тохиолдлуудын тоо буурсан байна. Италид халдварын шинэ тохиолдол гурван долоо хоногийн доод түвшинд хүрлээ.
Дани улс Австрийн адилаар хязгаарлалтын арга хэмжээгээ аажмаар цуцалж магадгүй байна. Тархалтын тоон үзүүлэлт одоогийнх шиг тогтвортой байвал энэ сарын 15-наас цэцэрлэг, бага сургуулиудын үйл ажиллагааг сэргээхээр төлөвлөжээ.
Дэлхийн хэмжээнд шинэ төрлийн “коронавирус”-ийн халдварын нэг сая 349.9 мянган тохиолдол бүртгэгдэж, 74.8 мянган хүн нас бараад байна. Харин эдгэрсэн хүний тоо 286 мянгад хүрчээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага "Энэ долоо хоногт вакцины хөгжүүлэлт, үйлдвэрлэлийг эрчимжүүлэх шинэ хөтөлбөрийг зарлаж магадгүй" гэж мэдэгдээд байна. "Улс орнуудад хөл хорионы арга хэмжээнүүд үр дүнгээ өгч байгаа ч эдийн засгийн хүндрэл бий болгож байгаа" гэж тус байгууллага онцоллоо. Хэдий тийм боловч бүгд нэг зэрэг хөл хориогоо цуцлах ёсгүй гэсэн байр суурьтай байна.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com