Дэлхийн банк: Монгол Улсын эдийн засаг 2022 онд 5.1 хувиар өсөх төлөвтэй
Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төлөвийг танилцууллаа. Монгол Улсын эдийн засаг 2022 онд 5.1 хувь, 2023 онд 6.2 хувиар өснө гэж тооцоолсон байна.
Харин 2021 оны хувьд Монгол Улсын эдийн засаг 3.5 хувиар өснө гэж тооцоолжээ. Өнгөрсөн оны зургаадугаар сард танилцуулж байсан төсөөллөө 2.4 нэгж хувиар буурууллаа.
Үүнд инфляцын түвшин нэмэгдэж, эдийн засагт нэлээд дарамт учруулж байгааг тодотгосон байна. Мөн COVID-19-ийн халдварын шинэ хувилбарууд, гадаад өр зэрэг эрсдэлүүдийг нэрлэжээ.
Ихэнх хөгжиж буй улсад инфляц 2011 оноос хойших дээд түвшинд хүрээд байгаа юм. Хэдий тийм боловч эдийн засгийн сэргэлт хангалттай түвшинд хүрээгүй, цар тахлын өмнөх үеийн түвшинд хүрээгүй байхад инфляцыг хязгаарлах зорилгоор Төв банкнууд мөнгөний бодлогоо чангатгах арга хэмжээ авч байгааг онцолж байна. Ерөнхийдөө мөнгөний бодлогоо чангатгахаас өөр аргагүй байдалд ороод байгааг онцолжээ.
Нөгөө талаас хөгжиж буй улсууд гадаад өрийн дарамтад ороод байна. Инфляцын хажуугаар гадаад өрийн хэмжээ цар тахлын үед нэмэгдсэн байна. Мөн түүхий эдийн экспортоос хараат байдаг улсуудын хувьд түүхий эдийн үнийн савлагаа бэрхшээл болж байна.
Үүнээс гадна цар тахлын үед нэмэгдсэн нэг зүйл бол тэгш бус байдал. Дэлхий даяар орлогын тэгш бус байдал гүнзгийрч байна. Зөвхөн орлого ч биш вакцины хүртээмж харилцан адилгүй байна. Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авах талд тэгш бус байдал давамгайлж байгаа аж. Хөгжиж буй улсуудад эдгээр бэрхшээл эрсдэл тулгарч байгааг дурджээ.
С.Өнөрсайхан | @unursaikhan_sor
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com