Дугаарын хязгаарлалтыг цуцлах талаар иргэдээс санал авна
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгийн хуралдаанаар энэ онд хийх зам засварын ажил дууссанаас гадна хэд хэдэн уулзвар, замыг шинээр барьж, өргөтгөсөн учраас хүйтний улиралд дугаарын хязгаарлалтыг цуцлах талаар иргэдээс санал авахаар болжээ. Санал асуулгыг энэ сарын 13-наас эхлэн 48 хугацаанд НЗДТГ-ын цахим хуудас, Замын цагдаагийн газрын stop.mn сайт болон зарим веб сайтуудаар авах юм байна. Мөн Нийслэлийн лавлагаа мэдээллийн төвөөр дамжуулан “Мобиком”-ын 100 мянган хэрэглэгчийн дунд мессежээр санал авна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. Замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх энэхүү арга хэмжээг авсны үр дүнд хөдөлгөөний ачаалал 20 хувиар буурсан байна. Үүнээс гадна тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн болон уулзварт улаан гэрлэн дохиогоор нэвтэрсэн зөрчлийг илрүүлэх зорилгоор 11 цэгт камер суурилуулсан. Энэ хүрээнд хурд хэтрүүлэх зөрчил 68 хувир харин гэрэл, дохионы зөрчил 52 хувиар буурсан болохыг холбогдох газраас мэдээллээ.
Холбоо барих: Tsatsralt.b@bloombergtvmongolia.com