Дональд Трампын тангараг өргөх ёслол Улаанбаатарын цагаар 01.00 цагт эхэлнэ
Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 20-ны өдөр АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Дональд Трампын тангараг өргөх ёслол болно. Тангараг өргөх ёслолоос өмнө урлагийн тоглолт болох бөгөөд 2010 оны “Авьяаслаг Америкчууд” шоуны сүүлийн шатанд үлдэж байсан Жэки Эванчо АНУ-ын Төрийн дууллыг дуулна. Урлагийн тоглолтын дараа шашны тэргүүний залбирлаар тангараг өргөх ёслолын ажиллагаа албан ёсоор эхлэх ажээ. Эхлээд Дэд Ерөнхийлөгч Жорж Пенс тангараг өргөх бол Улаанбаатарын цагаар шөнийн 01.00 цагт Дональд Трамп тангараг өргөнө. Тэрбээр тангараг өргөхдөө АНУ-ын Ерөнхийлөгч асан Абрахам Линкольны Библээс гадна 1955 онд ээжийнхээ бэлэглэсэн Библи дээр гараа тавьж шударга, үнэнчээр зүтгэхээ амлах юм. Тангараг өргөх ёслол, баярын парад болон бусад арга хэмжээнд нийт 900 мянга орчим хүн оролцоно гэж таамаглаж байна. Үүнд Конгрессын гишүүд, дээд шүүхийн шүүгчид, Жимми Картер, Жорж Буш, Билл Клинтон зэрэг өмнөх Ерөнхийлөгчдөөс гадна сонгуульд ялагдал хүлээсэн Ардчилсан Намаас нэр дэвшигч Хиллари Клинтон багтаж байна.
Сонирхуулахад, 2009 онд Барак Обамаг тангараг өргөхөд түүхэн дээд тоо буюу 1.8 сая хүн цуглаж байжээ.
Үүнээс гадна цаашид дэлхийн хамгийн том эдийн засгийн шинэ Засгийн газраас юу хүлээх вэ гэдэг асуудал анхаарал татаж байна. АНУ-ын дотоод асуудал гэхээс илүүтэй олон улсын тогтвортой байдал, эдийн засаг мөн АНУ-д ажиллаж амьдардаг монголчуудад хамааралтай байж мэдэх өөрчлөлт гэвэл нэгдүгээрт цагаачлалын бодлого байгаа юм. Дональд Трампын шилжилтийн багийн гишүүдээс авсан мэдээллээр ажлаа авсан эхний долоо хоногтоо бага насандаа АНУ-ын хилээр хууль бусаар нэвтэрсэн хүүхдүүдэд хоёр жил ажиллаж, суралцах эрх олгосон Барак Обамагийн тушаалыг хүчингүй болгож болзошгүй байна. Түүнчлэн цагаачдад тавих хяналтыг чангатгах бодлогын хүрээнд эн тэргүүнд гэмт хэрэгт холбогдсон, хууль бус цагаачдыг хүчээр нутаг буцаах, цаашлаад ногоон карт олголтыг түр зогсоох арга хэмжээ авч магадгүй байгаа юм. Харин Мексикийн хилийн дагуу хана барихгүй болов уу гэж харж байна. Мөн кампанит ажлынхаа туршид Транс-Номхон далайн чөлөөт худалдааны хэлэлцээрийг хүчтэй шүүмжилж байснаас гадна ногоон эрчим хүчний салбарт олгох Засгийн газрын татаасыг зогсоох арга хэмжээ авна гэж мэдэгдсэн юм. Энэ нь шатах түлш олборлогчдод таатай мэдээ болж байна. Түүнчлэн дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын төлөвлөгөө нь ган, зэс зэрэг барилгын ажилд түлхүү ашиглагддаг бүтээгдэхүүний үнийг өсгөх төлөв бий. Мөн энэ долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ ОХУ-ын эсрэг Эдийн засгийн хоригийг хэсэг хугацаанд үргэлжлүүлнэ гэснээс харахад цаашдаа хоригийг цуцлах боломжтой гэж шинжээчид дүгнэж байна.
Монголчуудын хамгийн түлхүү ашигладаг гадаад валют болох ам.доллар, юанийн ханшид нөлөөлж болзошгүй нэг өөрчлөлт нь Дональд Трамд "БНХАУ-ын импортын бүтээгдэхүүнд" өндөр татвар ногдуулахаас гадна худалдааны шинэ хэлэлцээр байгуулж, БНХАУ-д алдсан ажлын байраа эргүүлэн АНУ руу татна гэж мэдэгдсэн юм. Түүнчлэн том корпорациудад ногдуулах татварыг бууруулснаар АНУ-д салбараа нээх, төвөө шилжүүлэх сонирхолтой компаниудын тоо олширч өрсөлдөх чадвар дээшлэх боломжтой аж. Нөгөө талаас татварыг бууруулсан нь АНУ-ын төсөвт дарамт учруулж, улмаар олон улсад эдийн засгийн хямрал нүүрлэж болзошгүй гэж Нобелийн шагналт эдийн засагчид сануулж байв.
Б.Дашням
Холбоо барих: Dashnyam.b@bloombergtvmongolia.com
Tsatsralt.b@bloombergtvmongolia.com