ДНБ I улиралд 15.7 хувиар өслөө
2021 оны I улиралд дотоодын эдийн засаг өмнөх оны мөн үеэс 15.7 хувиар өссөн нь шинжээчдийн таамгаас давсан үзүүлэлт боллоо. Цар тахал эхэлсэн 2020 оны эхний улиралд 10.7 хувиар буурч байсан нь өсөлтийн хувь хэмжээ өндөр байгааг тайлбарлаж байна.
Эдийн засгийн өсөлтөд уул уурхай, олборлолтын салбарын өсөлт голлон нөлөөлснийг Үндэсний статистикийн хорооны тайланд дурджээ.
Уул уурхайн салбарын нэмэгдэл өртөг тайлант хугацаанд 34.1 хувиар өссөн байна. Үүнд нүүрсний олборлолт 53 хувиар, төмрийн хүдэр 49.5 хувиар, газрын тос гурав дахин, зэсийн баяжмалын олборлолт 11.3 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Шинжээчдийн таамаглаж байсанчлан уул уурхайн салбарын өсөлт дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд хамгийн их нөлөөлсөн байна. Монголбанкны мэдээлснээр оны I, II улиралд уул уурхайн салбар 35-36 хувиар өсөх төлөвтэй байгаа аж. Түүнчлэн дотоодын нийт бүтээгдэхүүн 7-8 хувиар өснө гэж тооцоолж байсан юм.
2021 оны бүтэн жилийн дүнгээр дотоодын нийт бүтээгдэхүүн 5-6 хувиар өснө гэсэн таамаг давамгай байгаа бөгөөд Олон Улсын Валютын Сан болон Азийн хөгжлийн банк өсөлтийн төсөөллөө бууруулж тогтоогоод байна.
С.Өнөрсайхан | @unursaikhan_sor
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com