Даатгалын хураамжийн орлого 2022 оны I улиралд өмнөх оны мөн үеэс 29.5 хувиар өсжээ
Даатгалын компаниудын хураамжийн орлого 2022 оны эхний улиралд 50.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 29.5 хувиар өссөнийг Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ.
Үүнд гэнэтийн осол, эмчилгээний хураамжийн орлого 59.4 хувиар, авто тээврийн хэрэгслийн болон хөрөнгийн даатгалын хураамжийн орлого 32-39 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Оны эхний улиралд нөхөн төлбөрт 26.2 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 2.1 дахин өссөн үзүүлэлт болжээ. Гэнэтийн осол, эмчилгээний даатгалын нөхөн төлбөр хамгийн их дүнгээр буюу 97.6 хувиар өссөнөөс болсон байна.
Цар тахлын хөл хорионы үед даатгалын үйл ажиллагаа хэсэгчлэн цахимжиж, салбарын бүтээгдэхүүн болон даатгуулагчдын тоо нэмэгдэх үндэс болж байгааг Санхүүгийн зохицуулах хороо онцолж байгаа юм. Хэдий тийм боловч зохицуулалтын орчныг сайжруулах шаардлагатай гэж салбарынхан дүгнэжээ.
Үүнээс гадна даатгалын зах зээлд валютын ханшийн дарамт эрсдэл учруулж байгааг салбарынхан онцолж байгаа юм. Даатгалын компаниудын дийлэнх нь гадаадад давхар даатгуулдаг бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд нэг жилд дунджаар 70 орчим тэрбум төгрөгийг гадаад улс руу шилжүүлсэн байна.
Даатгалын компаниудын гадаадад төвлөрүүлсэн давхар даатгалын хураамжийн зардал 2021 онд даатгалын нийт хураамжийн 34.1 хувьтай тэнцсэнийг Санхүүгийн зохицуулах хороо тайлагнаж байв.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com