ГЕГ: 2021 онд импорт өмнөх оноос 29.2 хувиар өсөж, $6.8 тэрбум болсон
2021 онд Монгол Улсын импорт 6.8 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 29.2 хувиар өссөн байна.
Импортоор авсан бараа, бүтээгдэхүүний хамгийн их хувь буюу 19.5 хувийг эрдэс бүтээгдэхүүн эзэлж байна. Үүний дотор нефтийн бүтээгдэхүүн дийлэнх хувийг эзэлж байгаа аж.
Гаалийн ерөнхий газраас 2021 оны гадаад худалдааны гүйцэтгэлийг урьдчилсан байдлаар танилцуулаад байна.
2021 онд гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.1 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 25 хувиар өссөн байна. Гадаад худалдааны тэнцэл 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.
Тайлант хугацаанд экспорт 9.2 тэрбум ам.доллар болж, 22.1 хувиар өссөн байна. 2021 онд нийт экспортын 81.3 хувийг эрдэс бүтээгдэхүүн эзэлжээ.
Хилийн боомтуудад үүсээд буй логистикийн асуудлууд нь гадаад худалдааны эргэлтийг хязгаарлаж, эдийн засгийн сэргэлтэд сөргөөр нөлөөлж байна. БНХАУ өвлийн Олимпын наадмыг зохион байгуулж байгаатай холбоотойгоор хилийн хязгаарлалтаа чангатгаж, Монгол Улсын түүхий эдийн экспорт их хэмжээгээр буурсан юм. Хэдий тийм боловч 2021 онд нүүрс, зэсийн баяжмал зэрэг экспортын голлох бүтээгдэхүүний үнэ өндөр байсантай холбоотойгоор экспортын орлого тооцоолсноос давсан үзүүлэлтэй байна.
Үүнээс гадна БНХАУ-ын Засгийн газар энэ онд хилийн хязгаарлалтаа үргэлжлүүлэх төлөвтэй байгааг “Goldman Sachs” мэдээлсэн юм. Харин Монгол Улс тээвэр логистикийн дэд бүтцээ сайжруулах шаардлагатай байгааг эдийн засагчид сануулж байна.
С.Өнөрсайхан | @unursaikhan_sor
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com