Газрын тосны олборлолтод 560 сая ам.долларын хөрөнгө оруулна
Энэ онд газрын тосны хайгуул судалгааны чиглэлээр 100 орчим сая ам.доллар, олборлолтын чиглэлд 560 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа талаар Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн мэдэгдлээ. Үүний зэрэгцээ Лондонгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Petro Matad” болон Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Wolf Petroleum” компани үйл ажиллагааныхаа талаар танилцуулсан байна. “Petro Matad” компани одоогоор газрын тосны 4, 5 болон 20 дугаар талбай дээр Монгол Улсын Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. Өнгөрсөн оны эцсээр тус компани 4, 5 дугаар талбайд хэмжээст чичирхийллийн судалгааны ажлаа хийж дуусгаснаар газрын тосны боломжит нөөц байгааг тогтоожээ. Харин Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Wolf Petroleum” компани Монголын газрын тосны Сүхбаатар блок дахь газрын тосны анхны судалгаагаа танилцуулахаар бэлтгэж байна. Тус компанийн явуулсан хайгуулын үр дүнд 23 мянган км.квадрат талбай бүхий тус талбайн 60 хувьд нь Цэрдийн галвын үед үүссэн газрын тосны нөөц байгааг тогтоожээ. “Wolf Petroleum” компани Сүхбаатар блокоос гадна Баруун-урт, Жинст гэсэн газрын тосны хоёр талбайг эзэмшиж байгаа юм. Монгол Улсын Засгийн газар одоогоор газрын тосны 21 талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулснаас гурван талбайн нөөцийг эцэслэн тогтоож, олборлолт хийж байна. Харин 17 талбайд идэвхтэй хайгуул хийж байгаа ажээ. Өнгөрсөн оны байдлаар Монгол Улс 686 мянган тонн газрын тос экспортолж, улсын төсөвт 191 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол энэ онд 227 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа талаар Газрын тосны газраас мэдээлсэн байна. Харин өнөөдрийн байдлаар газрын тос экспортолж байгаа “Petro China Dachin Tamsag” компанийн 19 дүгээр талбайн нефть ачих хэсэгт гарсан ослын улмаас үйл ажиллагааг нь түр зогсоогоод байгаа ажээ.
Т.Элиса
Холбоо барих: elisa.t@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com