Виртуал хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ₮1.23 их наяд хүрсэн нь ДНБ-ий 3 орчим хувьтай тэнцэж байна
Анх 2017 онд койн болон бусад виртуал хөрөнгийн зах зээлийн үндэс суурь Монгол Улсад тавигдаж байсан бөгөөд сүүлийн байдлаар 18 койн, токен арилжаалагдаж, зургаан койн/токен ICO шатанд байгаа бол дөрвөн койн/токен бэлтгэл шатанд байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
2021 оны 12 дугаар сард арилжаалагдсан виртуал хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 1.23 их наяд төгрөг хүрсэн нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний гурав орчим хувьтай тэнцэж байна. Харин жилийн дүнгээр авч үзвэл 2021 онд зах зээлийн үнэлгээ өмнөх оныхоос 97 хувиар өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүний 14 гаруй хувийг бүрдүүлсэн байна. Энэ нь Монголын Хөрөнгийн бирж дээрх өөрийн хөрөнгийн арилжаа сайжрахад түлхэц болсон талаар Дэлхийн банк тайландаа дурдлаа.
Түүнчлэн криптовалютын хэрэглээ авлигад автсан эсвэл хөрөнгийн хатуу хяналттай улсуудад илүү өргөн дэлгэрсэн байгааг Олон Улсын Валютын Сангийн судалгаа харуулж байна.
Энэ нь виртуал хөрөнгийн салбарын зохицуулалтыг сайжруулах шаардлагыг улам бүр нэмэгдүүлж байна гэж үзэж байгаа аж.
Тайланд арилжааны платформууд залилан, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх зэрэг эрсдэлээс сэргийлэх хүрээнд хэрэглэгчээ таних систем хэрэгжүүлэх шаардлагатай гэж онцолж байна.
Виртуал хөрөнгийн зах зээл Монгол Улсад өргөжихөд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлж байгааг Дэлхийн банк тайландаа дурдсан юм. Монгол Улсын хувьд сүүлийн байдлаар зургаан гаруй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч үйл ажиллагаа явуулж байна.
Виртуал хөрөнгийн зах зээл тэлэх гол хүчин зүйлсийн нэг нь мөнгөний бодлогын төлөв сул байгаатай холбоотой, хадгаламжийн хүүгээ буулгахад хүргэсэн гэж Дэлхийн банк мэдэгдсэн юм.
Харин Монголбанк бодлогын хүүгээ эргэн өсгөсөн энэ үед зах зээлд хэрхэн нөлөөлөхөөр байгаа нь анхаарал татаж байна.
Үүний зэрэгцээ улс орнууд өөрсдийн гэсэн зохицуулах арга хэмжээг улам боловсронгуй болгоход анхаарч байгаа аж. Хяналтын процесс улс орон бүрд харилцан адилгүй байна.
О.Цэнгэг | @TsengegO
Холбоо барих: tsengeg.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com