БНХАУ: Эрчим хүчний үнэ, нийлүүлэлтийг тогтвортой байлгахад нүүрс чухал оролцоотой
Эрчим хүчний үнэ, нийлүүлэлтийг тогтвортой байлгахад нүүрс чухал оролцоотой гэж БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо мэдэгдлээ.
ОХУ Украинд халдсаны дараа АНУ болон барууны улсууд ОХУ-аас газрын тос, байгалийн хий импортлохоо зогсоох болсон юм. Ингэснээр улс орнууд эрчим хүч үйлдвэрлэх хоёр дахь эх үүсвэрээр нүүрсийг сонгож, нүүрсний хэрэглээ сүүлийн үед нэмэгдэж байна.
Нөгөө талаасаа энэ нь хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилттой зөрчилдөж байгаа юм.
ОХУ Европын Холбооны байгалийн хий, газрын тос, нүүрсний гол нийлүүлэгч бөгөөд тус улсын экспортод хориг тавьснаар дэлхий даяар эрчим хүчний үнэ өсөж байна.
Хэрэв Евро бүс ОХУ-аас авдаг байгалийн хийгээ бүхэлд нь нүүрсээр орлуулбал нэг жилд 800 сая тонн хүлэмжийн хий ялгарна гэсэн тооцоо гарсан байна. Өөрөөр хэлбэл дэлхийн дулаарлыг цельсийн хоёр хэмд барих дэлхий нийтийн хүчин чармайлтад сөргөөр нөлөөлөх юм.
Хүлэмжийн хийн ялгарлаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг БНХАУ эрчим хүчний хомсдол үүсэхээс сэргийлж, нүүрсний нийлүүлэлтээ хангахад ихээхэн анхаарч байгаа аж.
Гуравдугаар сард БНХАУ-д нүүрсний олборлолт шинэ дээд түвшинд хүрсэн юм. Харин дөрөвдүгээр сард хоёр оронтой тоогоор өсөж, 360 сая тонн болсон байна.
Дэлхий нийтээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахаар зорьж байгаа ч одоогийн нөхцөлд улс орнууд эрчим хүчний хямрал үүсэхээс илүү болгоомжилж байгаа нь харагдаж байна.
С.Өнөрсайхан | @unursaikhan_sor
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com