БНХАУ-ын Ухань хот 2 сар гаруй үргэлжилсэн хөл хориогоо цуцаллаа
Их Британи болон АНУ-ын Нью-Йорк мужид “COVID-19” өвчлөлийн улмаас нас барсан хүний тоо цар тахал эхэлснээс хойш байгаагүйгээр огцом нэмэгдлээ. АНУ-д нас барсан хүний тоо 12.7 мянга болж, 24 цагийн хугацаанд 1900 гаруйгаар нэмэгджээ. Харин шинэ тохиолдлын тоо АНУ-ын голомт болсон энэ мужид буурч байгаа юм.
Шинэ төрлийн “коронавирус”-ийн дэгдэлт эхэлсэн БНХАУ-ын Ухань хот хоёр сар гаруй үргэлжилсэн хөл хориогоо цуцаллаа. Автомашин болон төмөр зам, агаарын тээврийн хөдөлгөөнийг аажмаар сэргээж эхэлсэн байна.
Энэ үед Дональд Трампын засаг захиргаа өргөн хүрээнд оношилгоо явуулж, улмаар эдийн засгийн үйл ажиллагааг эргэн сэргээх төлөвлөгөө боловсруулж эхэлжээ.
Үүнээс гадна эрчимт эмчилгээний тасагт шилжээд байсан Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны биеийн байдал тогтвортой байгаа юм байна. Их Британид “COVID-19-өөр өвчилсөн тохиолдол 55 мянга давж, 6159 хүн нас баржээ.
Дэлхийн хэмжээнд шинэ төрлийн “коронавирус”-ийн халдварын нэг сая 425 мянга, нас барсан 81.9 мянган тохиолдол бүртгэгдээд байна. Харин эдгэрсэн хүний тоо 301.8 мянга хүрчээ.
Италид шинэ тохиолдлын тоо гуравдугаар сарын дунд үеэс хойш байгаагүйгээр буурсан байна. Тус улс ирэх хэдэн долоо хоногоос хязгаарлалтын арга хэмжээгээ зөөллөх талаар судалж эхэлсэн байна.
Норвег улс мөн төстэй арга хэмжээ авахаар ажиллаж байна. Энэ сарын 27-ноос их, дээд сургууль, коллежууд эргээд хичээллэж эхлэхээр болсон байна.
Харин Саудын Арабд халдварын тохиолдол ирэх хэдэн долоо хоногт багадаа 10 мянга, ихдээ 200 мянгад хүрч болзошгүй талаар Эрүүл мэндийн сайд нь мэдэгджээ. 34 сая хүн амтай тус улсад одоогоор халдварын 2.7 мянга, нас барсан 40 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа юм.
Мөн Индонезид халдварын тохиолдол хоёр дахь өдрөө 247-оор буюу өмнө байгаагүйгээр өсөж, 2.7 мянга хүрлээ. Цаашлаад тавдугаар сар гэхэд энэ тоо 95 мянга хүрэх магадлалтай гэж тус улсын Сангийн сайд мэдэгдсэн байна.
Хонгконг бүх сургуулийн үйл ажиллагааг тавдугаар сарыг дуустал зогсоох шийдвэр гаргасан талаар эх сурвалж мэдээллээ. Төлөвлөсний дагуу дөрөвдүгээр сарын эцсээр хоригийг цуцлах нь хэт эрсдэлтэй гэж үзсэн байна. Тус бүсэд халдварын тохиолдол 20 гаруйгаар нэмэгдэж, 1000 дөхөөд байгаа юм.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com