БНХАУ-ын ДНБ 3.6 хувиар өссөн байх төлөвтэй
2021 оны сүүлийн гурван сард БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 3.6 хувиар өссөн байх төлөвтэй гэж “Bloomberg”-ийн шинжээчид дүгнэж байна. Энэ нь 2020 оны II улирлаас хойших хамгийн сул үзүүлэлт болохоор байгаа аж.
Мөн 12 дугаар сарын байдлаар гарах аж үйлдвэрийн гарц, жижиглэн худалдааны борлуулалт шинжээчдийн хүлээлтээс доогуур гарах төлөвтэй байна. БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал, хэрэглэгчдийн эрэлт болон хөдөлмөр эрхлэлт, орлогын түвшин бага зэрэг нь үүнд нөлөөлөх гол хүчин зүйл болохоор байна.
“Коронавирус”-ийн халдварын тархалт эргэн эрчимжиж байгаа нь хэрэглэгчийн зарцуулалтад хүндхэн цохилт болж байгаа аж. Тодруулбал: жижиглэн худалдааны борлуулалт 3.8 хувьтай гарах төлөвтэй байгаа нь шинжээчдийн хүлээлтээс бага дүн болж байгаа юм.
БНХАУ-ын Төв банк ирэх даваа гарагт мөнгөний бодлогын шийдвэрээ танилцуулахаар байна. Улс орнуудад бодлогын хүүгээ өсгөх дарамт нэмэгдэж байхад БНХАУ-д нөхцөл байдал эсрэгээрээ байгаа юм.
Эдийн засагчид БНХАУ эдийн засгаа тогтворжуулахад бодлогын хүүгээ бууруулах нь чухал нөлөөтэй гэж үзэж байна.
М.Эрхэс | @ErkhesMunkhbat
Холбоо барих: erkhes.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com