БНСУ цар тахлын үед 4 ам бүлтэй өрх бүрд 815 ам.долларын тусламж үзүүлнэ
“COVID-19”-ийн тархалтын улмаас эдийн засаг хямралд ороод байгаа энэ үед улс орнууд иргэдийнхээ хэрэглээг дэмжих арга хэмжээ авсаар байна.
БНСУ жижиг бизнес, хөрөнгийн зах зээлээ дэмжих арга хэмжээ танилцуулсан бол энэ удаа айл, өрхүүдэд дэмжлэг үзүүлэхээр 7.1 их наяд воны багц санхүүжилт төлөвлөж байна. Мөн орон нутгийн засаг захиргаанаас нь нэмж хоёр их наяд воны дэмжлэг үзүүлнэ гэж тус улсын Сангийн сайд мэдээллээ. Дөрвөн ам бүлтэй өрх бүрд нэг сая вон буюу 815 ам.доллар олгох боловч өрхийн орлого өндөртэйд тооцогддог 30 хувьд хамаарахгүй юм байна.
Харин 27 сая орчим хүн амтай Скандинавын орнуудад “COVID-19” цар тахлаас болж 630 мянган хүн ажлаа хийх боломжгүй болоод байгаа аж. Мөн 105 орчим мянган хүн ажлаасаа халагджээ. Эдгээр орнуудын Засгийн газрууд иргэддээ цалингийнх нь 75 хүртэлх хувьтай тэнцэх тэтгэмж олгохоор зорьж байна.
Австралид ажилгүйдлийн түвшин хоёрдугаар сард 5.5 хувьтай байсан бол 12 хувь болтлоо өсөж магадгүй болоод байгаа аж. Тус улс ирэх зургаан сарын хугацаанд ажлын байрыг хамгаалахын тулд 80 тэрбум ам.доллар зарцуулахаа мэдэгдлээ. Мөн Австралийн банкнууд компаниудын 98 хувийнх нь зээлийн төлбөрийг зургаан сарын хугацаатай хойшлуулах шийдвэр гаргаад байна.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com