Беларусийн хэлэлцээ дахин эхэллээ
Өнгөрсөн найман сарын турш үргэлжилсэн Украйны зөрчилдөөнийг зогсоохоор Беларусийн хэлэлцээ дахин эхэллээ. Хэлэлцээгээр Украйны Засгийн газар болон ОХУ-ын талыг баримтлагчид барьцааны хүмүүсээ солилцох асуудлаар тохиролцоно гэж албаныхан мэдээлсэн байна. Мягмар гарагт Украйны парламент төвийг сахисан статусаасаа татгалзаж, “NATO" гишүүнээр элсэх эхний алхмыг хийгээд байна. Мөн тун удахгүй “NATO"-д нэгдэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулна гэж Украйны Ерөнхийлөгч П.Порошенко мэдээлжээ. Харин энэ шийдвэр тус улсын дотоод зөрчилдөөнийг хурцатгах үр дагавартайг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров анхааруулсан байна. Харин ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведевийн зүгээс Украйн “NATO"-д нэгдсэнээр зэвсэгт хүчний хувьд ОХУ-ын дайсан болох боломжтой болохыг сануулсан байна. Түүнчлэн Европын Холбооны Герман, Франц зэрэг нөлөө бүхий гишүүд Украйныг “NATO"-д нэгдэхийг дэмжихгүй гэдгээ илэрхийлжээ. Учир нь энэхүү асуудал ОХУ-тай үүсээд байгаа хүйтэн харилцааг дэвэргэх эрсдэлтэй гэж үзсэн юм. 10 жилийн өмнө Украйны барууны талыг баримтлагчид “NATO"-д нэгдэх асуудлаар ярьж эхэлсэн байна. Тиймээс 2010 онд тус улсын Ерөнхийлөгч асан В.Янукович ирээдүйд үүсэх нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж улсаа төвийг сахисан статуст шилжүүлсэн юм. Үүнээс гадна Украйны тал “Gazprom"-д амласан ёсоороо өрийн үлдэгдэл болох 1.65 тэрбум ам.долларыг шилжүүлсэн байна. Гэрээний дагуу Украйн өр төлбөрөө барагдуулснаар “Gazprom" байгалийн хийн нийлүүлэлтээ сэргээжээ.
Д.Хаш-эрдэнэ
Холбоо барих: hasherdene.d@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com