Баяр наадмын хүндэтгэлийн тоглолт урьд урьдынхаас өвөрмөц болно
Монголын тулгар төр байгуулагдсаны 2222 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний Их Баяр наадмыг тэмдэглэх зардлын төсвийг нийт нэг тэрбум 581.3 сая төгрөг байхаар Монгол Улсын Засгийн газрын зургадугаар сарын 8-ний өдрийн шийдвэрээр батлаад байна. Үүнээс 350 сая төгрөгийг баяр наадмын үйл ажиллагааны орлогоос, 380 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс, 11.2 сая төгрөгийг өнгөрсөн оны баяр наадмын үйл ажиллагааны орлогын давалтаас санхүүжүүлж, 840 сая төгрөгийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг наадмын нээлтийн үйл ажиллагааны төсвийг 100-150 сая төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргаад байна. Наадмын нийт зардлын 18.2 хувь буюу 288.9 сая төгрөгийг бай шагналын зардалд, 241.3 сая төгрөг буюу 15.3 хувийг урлаг соёлын арга хэмжээнд, 443.1 сая төгрөгийг тохижилт, үйлчилгээний зардалд, 141.8 сая төгрөгийг хэв журам хангах, онцгой байдлын зардалд, 466.3 сая төгрөгийг наадмыг зохион байгуулах бусад арга хэмжээний зардалд зарцуулах аж. Энэ жилийн хувьд бүтээн байгуулалтын ажилд илүү хөрөнгө зарцуулж байна гэсэн тайлбарыг Нийслэлийн удирдлагаас өгсөн юм. Баяр наадмаар өмнөх жилүүдэд зохион байгуулагдаж байсан урлаг, спортын арга хэмжээнүүдээс гадна төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах талбайн дөрвөн буланд урлагийн тоглолт, Хүй долоон худагт “Монгол морьтон” спорт, урлагийн тоглолт, шүхэрчдийн буулт зэрэг үзүүлбэр, тоглолтууд болохоос гадна наадмын нээлт, төрийн хүндэтгэлийн тоглолтыг өвөрмөц онцлогтой байхаар зохион байгуулахаар төлөвлөжээ.
М.Дэлгэрмаа
Холбоо барих: delgermaa.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com