Баярын үеэр жижиглэн худалдааны борлуулалт сайн байлаа
Энэ жил АНУ-д баярын өдрүүдээр жижиглэн худалдаа 3.5 хувиар өссөн гэж "Spending Pulse" байгууллага мэдээллээ. Дэлгүүрүүд бараагаа ихээр хямдруулсны зэрэгцээ хүүхдийн хувцас, үнэт эдлэлийн борлуулалт сайн байсан нь үүнд нөлөөлсөн гэжээ. Харин Нью-Йоркт төвтэй "Purchase" агентлагийн мэдээлж байгаагаар 11 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 1-ний хооронд хувцас, цахилгаан бараа, тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн зэрэг баярын үеэр хамгийн их гүйлгээтэй байдаг барааны борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 2.3 хувиар өсчээ. Сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд дэлгүүрээр үйлчлүүлэх иргэдийн тоо буурч байгаатай холбоотойгоор сүлжээ дэлгүүрүүд борлуулалтаа нэмэгдүүлэх зорилгоор бараагаа ихээр хямдруулсан байна. Тухайлбал "Gap" 75 хувийн хямдрал зарласан бол "Macy’s" болон "Kohl’s" зэрэг сүлжээ дэлгүүрүүд 12 дугаар сарын 20-ноос хойш 24 цагийн хуваарьтай ажиллажээ. Баярын үеэр АНУ-д жижиглэн худалдаа ийнхүү өссөний зэрэгцээ өнгөрсөн долоо хоногт тус улсын хэрэглэгчийн итгэлийн индекс сүүлийн дөрвөн сарын хамгийн дээд хэмжээндээ хүрч өссөн байна. "Блумберг"-ээс гаргадаг хэрэглэгчийн итгэлийн индекс 12 дугаар сарын 22-ноос өмнөх долоо хоногт хасах 27.4 болж өссөн байна. Үүнээс өмнө тус индекс хасах 29.4 байжээ. Түүнчлэн ажлын байрны тоо нэмэгдэж, орон сууц, хувьцааны үнэ өсөлттэй байгаа энэ үед америкчууд эдийн засгийн төлвийн талаар эерэг хүлээлттэй байгаа юм. 12 дугаар сарын 21-нээр дуусгавар болсон долоо хоногийн хугацаанд АНУ-д ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт гаргасан иргэдийн тоо 42 мянгаар буурч 338 болсон гэж тус улсын Хөдөлмөрийн яам мэдээллээ. Энэ нь зах зээл дэх хүлээлтийг давсан үзүүлэлт болсны зэрэгцээ хөдөлмөрийн зах зээлд өсөлт гарч байгааг шинжээчид онцолж байна. Дашрамд дурдахад, Холбооны Нөөцийн Банкны удирдлагууд хөдөлмөрийн зах зээлийн төлвийн үнэлгээгээ нэмэгдүүлээд байгаа бөгөөд тэдний тооцоолж байгаагаар ирэх оны эцэс гэхэд АНУ-ын ажилгүйдлийн түвшин 6.3 хувь болж буурах төлөвтэй байгаа ажээ.
Э.Анхбаяр
Холбоо барих: ankhbayar.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com