Барак Обама хоёр жилийн төсвийн төлөвлөгөөг баталлаа
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хоёр намын хамтран боловсруулсан хоёр жилийн төсвийн төлөвлөгөөг баталж гарын үсэг зурсан байна. Ингэснээр ирэх нэгдүгээр сард Засгийн газрын үйл ажиллагаа дахин саатах эрсдлийг арилгаж чадлаа. АНУ-ын бүтэн жилийн төсвийн алдагдал 642 тэрбум ам.доллар байгаа юм. Гэхдээ Барак Обамагийн баталсан төсвийн хууль алдагдлыг 23 тэрбум ам.доллараар бууруулахад чиглэгджээ. Түүнчлэн батлан хамгаалах болон дотоодын бусад салбарт хийгдэх төсвийн таналтыг 63 тэрбум ам.доллараар бууруулах юм байна. Ардчилсан нам болон Бүгд Найрамдах Намын гишүүдийн хамтран боловсруулсан төсвийн төлөвлөгөөг энэ сарын эхээр Төлөөлөгчдийн Танхим болон Сенат олонхийн саналаар батлаад байна. Харин үүнээс өмнө буюу аравдугаар сард хууль тогтоогчид төсвийн асуудлаар тохиролцоонд хүрээгүйгээс болж АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа 16 өдрийн турш хэсэгчлэн зогссон юм. Одоо Конгресс ирэх оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс өмнө нэг их наяд ам.доллар тусгагдсан 2014 оны төсвийн зарцуулалтын төлөвлөгөөг батлах шаардлагатай болоод байна.
Э.Анхбаяр
Холбоо барих: ankhbayar.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com